Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг газар дээрээс нь - Сайн жишээ №7 “Номин Мишээл” ХХК-ийн Барилгын их дэлгүүр

ikon.mn
2022 оны 11 сарын 2
iKon.MN

Чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийг зорьж буй “Номин Мишээл” ХХК-ийн Барилгын их дэлгүүр

зураг
 

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

“Бид хамтын хүчээр гар нийлэн ажилладаг”

зураг
 
Зүүн гар талаас Б.Бямбадаваа, хариуцсан ажилтан Р.Баясгалан, Т.Гансүх. Тэд хамт олныхоо үлгэр дуурайлал болсон ажилчид

“Номин Холдинг” ХХК

зураг
 
Зуу гаруй жилийн түүхтэй Улсын Их Дэлгүүр

Хотын төвд хүний хөл тасардаггүй газрын нэг бол улсын их дэлгүүр билээ. Супермаркетын худалдаа, гоо сайхан, гоёл чимэглэл, үндэсний үйлдвэрлэгчдийн ноос ноолууран бүтээгдэхүүн, гэр ахуйн болон электрон бараа, үзвэр үйлчилгээний газар, ном бичгийн хэрэгсэл, бэлэг дурсгал, банк санхүүгийн үйлчилгээ зэргийг нэг доор төвлөрүүлсэн байна. Мөн дэлхийд танигдсан брэндийн бараа бүтээгдэхүүнүүд ч бий.

Улсын их дэлгүүрийн анхны суурь “Хоршоо” нэртэйгээр анх 1921 онд байгуулагдаж байжээ. Монгол улс ардчилсан нийгэм рүү шилжиж, 1995 онд их дэлгүүрийн зэрэглэлийг өөрчлөн шинэчлэхтэй холбогдуулан төсөл шалгаруулах журмаар “Хувьцаат компани” болгон хувьчлах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаж “Номин Холдинг” ХХК 2000 оны 5-р сард дийлэнх хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар төрөөс хувьчилж авсан юм.

“Номин Холдинг” ХХК борлуулалт үйлчилгээ, санхүү, импорт экспорт, барилга-үл хөдлөх, технологи гэсэн бизнесийн таван чиглэлд Улаанбаатар хот болон 15 аймагт нийт 70 салбартайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй Монголын топ компаниудын нэг билээ. Энэ оны 6-р сарын байдлаар 5600 гаруй хүн ажиллаж байгаагаас үндсэн ажилтан 4300, цагийн ажилтан 800 орчим байна.

2016 оноос ажилтнуудынхаа аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарыг сайжруулах зорилгоор ISO45001, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор ISO14001, байгууллагын үйл ажиллагааг илүү сайжруулах зорилгоор ISO9001 гэсэн олон улсын гурван стандартыг зэрэг нэвтрүүлж, 2022 онд Хүний нөөцийн менежментийн ISO30400 багц стандартыг нэвтрүүлээд байна. Мөн 2022 онд хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд эрсдэлийн алба байгуулан ажиллаж байна.

“Номин Холдинг” ХХК хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг идэвхтэй дэмжин ажилладаг. Тухайлбал дотор эрхтний бэрхшээлтэй хоёр хүн харьяа компанид удирдах албан тушаал хашдаг бол санхүүгийн салбарт сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байна. Мөн сонсгол, хэл яриа, хараа, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс хүргэлт, худалдаа, цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнаар ажилладаг. Одоогийн байдлаар нийт 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай ба дийлэнх нь борлуулалт, худалдааны салбарт ажиллаж байна.

“Номин Холдинг” ХХК 1996 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тасралтгүй ажиллуулж байна. Анх байгуулагдахдаа 20 хүрэхгүй цөөхөн ажилтантай байсан хэдий ч зарын дагуу ирсэн хүмүүсийг нас, хүйс болон бэрхшээлтэй эсэхээр ялгалгүй ажилд шалгаруулж авдаг байжээ.

зураг
 
Номин Холдинг ХХК-ийн хүний нөөцийн баг хамт олон. Баруун гар талаас Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Оюунболор, Хөдөлмөрийн харилцааны менежер Б.Ууганчимэг, Хүний нөөцийн ахлах менежер О.Түмэннаст

Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Оюунболор “Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахдаа дараах байдлаар анхааран ажилладаг” хэмээн ярьж байлаа. Зарын дагуу бүртгүүлсэн хүмүүсийг тохирох ажлын байранд сонгон шалгаруулж, хүн нэг бүрийг эрсдэлийн үнэлгээ болон эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараа бусад ажилтнуудын хамт таваас долоо хоногийн хугацаатай ажлын байран дээрх дадлага хийлгүүлдэг.

Б.Оюунболор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хүний нөөцийн мэргэжилтнээр төгсөөд нэгэн хувийн компанид жил гаруй ажиллаж байгаад 2014 оноос хойш “Номин Холдинг” ХХК-д ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар 2021 онд Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Түүний хувьд өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ойр ажилласан туршлага байхгүй ч “Номин Холдинг” ХХК-ийн хүний нөөцийн хэлтэст ажиллах болсноор хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголттой болсон ба тэдэнд тусгайлан хандах шаардлагагүй гэдгийг маш сайн ойлгож авсан гэнэ. “Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа, сонсгол, тэргэнцэртэй хүмүүсээр л төсөөлдөг. Бэрхшээлийн төрөл болон гаднаасаа хараад мэдэгдэхгүй дотор эрхтний бэрхшээлтэй хүмүүс байдаг гэдгийг анзаардаггүй байсан юм билээ”.

зураг
 
Хамт олноо сэтгэл дүүрэн, таатай орчинд ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд бид хичээнгүйлэн ажиллах болно

Б.Оюунболортой гар нийлэн ажиллах Хөдөлмөрийн харилцааны менежер Б.Ууганчимэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах тохиолдолд хуульд заасан ажил олголтын квотыг хангахаас илүү урт хугацаанд тогтвортой ажиллуулах бодлогыг зайлшгүй баримтлах хэрэгтэй” хэмээн онцолж байлаа. “Номин Холдинг” ХХК-д 23 жил тасралтгүй ажиллаж байгаа гурван хүн, 18 дахь жилдээ ажиллаж байгаа зургаан хүн бий. Манай байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй ажилчид дунджаар таваас дээш жил ажиллаж байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах мэргэшсэн ажилтныг дотооддоо бэлтгэхээр төлөвлөж байгаа.

Б.Ууганчимэг менежер 2007 онд Орхон их сургуулийг төгссөн ба “Номин Холдинг” ХХК-д 15 дахь жилдээ ажиллаж байна. “Байгууллага гэдэг зүйл хамт олны таатай уур амьсгал, ажилчдын сэтгэл дүүрэн байдалд оршин тогтнодог” хэмээн ярих Б.Ууганчимэг сурч мэдэх, хийж хэрэгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн энэ оны 3-р сараас Хүний нөөц бодлогын хэлтэст Хөдөлмөрийн харилцааны менежерээр эрч хүч дүүрэн ажиллаж байна.

Б.Ууганчимэг менежерийн эмээ 2009 онд өвчний улмаас нэг хөлөө тайруулж, тэргэнцэр ашиглах болжээ. Эмээ маань гадуур гарах дуртай нийгмийн идэвхтэй байсан болохоор тэр үед маш их сэтгэлээр унаж, хүмүүстэй ярилцахаа больсон. Тухайн үед сэтгэл санаагаар хэрхэн дэмжиж тус болохоо мэдэхгүй, хий дэмий шаналдаг байж билээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөж халамжлах сэтгэлээр хандах бус чадаж байвал магтаад чадахгүй бол зэмлэх буюу бусадтай л адил эрх тэгш хандах ёстой” гэдгийг маш сайн ойлгож авсан даа” хэмээн ярьж байсан юм.

Хамт олныхоо үлгэр дуурайлал болсон хоёр

зураг
 
Т.Гансүх, Б.Бямбадаваа нар төрсөн ах дүү мэт дотно ба гар нийлэн шамдан ажилладаг

6-р сарын сүүлээр Хан-Уул дүүрэгт байрлах “Номин Холдинг” ХХК-ийн охин компаниудын нэг болох “Номин Мишээл” ХХК-ийн барилгын их дэлгүүрийг зорьсон юм. Тус дэлгүүр дэлхийн тэргүүлэх брэндүүдийн загварын байрууд болон орчин үеийн жишигт нийцсэн өөртөө үйлчлэх барилгын хайпермаркет гэсэн үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Герман болон гаднын орнуудын чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэн, барилгын материал худалдааны цогц үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж буй билээ.

Тус барилгын их дэлгүүрт сонсголын бэрхшээлтэй хоёр залуу ажилладаг. Тэднийг Т.Гансүх болон Б.Бямбадаваа гэдэг. Хоорондоо төрсөн ах дүү мэт дотно. Ажлаа хийхдээ ч, өдрийн амралтаараа ч байнга цуг явж байдаг. Тэдний гол хийдэг ажил бол агуулахад ирсэн бараа, бүтээгдэхүүнийг зааланд оруулах, өрөх, агуулахад бэлэн худалдаалах нөөц байгаа эсэхийг нягтлах.

зураг
 
Т.Гансүх байгууллагаасаа бэлгэнд авсан нурууны хамгаалалтын бүсэндээ их хайртай, ажлын хувцас мэт өдөр бүр зүүдэг гэнэ

Т.Гансүх Ховд аймагт төрж өссөн ба хүүхэд насаа мал маллаж өнгөрөөжээ. Барилгын их дэлгүүртээ зургаа дахь жилдээ ажиллаж байна. Одоо 37 настай. Дөрвөн настай байхдаа сонсголоо алдсан ба тухайн үед Ховд аймагт тусгай хэрэгцээт сургууль байгаагүй учраас гэр бүлийнхнээрээ уншиж, бичихийг заалгуулжээ. Харин өдөр тутмын хэрэглээний дохионы хэлийг сонсголын бэрхшээлтэй танилаасаа суралцжээ.

Түүнийг 20 настай байхад Ховд аймагт айхтар зуд нүүрлэж, бүх малаа зудад алдсан тул гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжин иржээ. Хотод ирээд Христийн шашны сүмд дохионы хэлийг дахин эхнээс нь суралцах боломж олджээ.

Нэгэн барилгын компанид ажилд орсон боловч сонсголын бэрхшээлтэй хүн ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдлыг огт хангаагүйгээс гадна бусад ажилчид түүнтэй огт харилцдаггүй байсан гэнэ. Сонсож чадахгүй учраас барилгын ажил явагдаж байх үед дээрээс ямар нэгэн зүйл уначих болов уу гэсэн айдастай ажилладаг байсан.

Тухайн үед “Номин Мишээл” ХХК-ийн Барилгын их дэлгүүрт ажиллаж байгаад өөр компанид шилжиж ажиллахаар болсон сонсголын бэрхшээлтэй нэгэн танил нь түүнд ажлын санал тавьжээ. “Ажлын эхний өдөр хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох материалыг танилцуулахын тулд зөвхөн надад зориулаад дохионы хэлмэрч авчирсан байсанд би үнэхээр их баярлаж байлаа” хэмээн дурсан ярив. Өмнө нь ажиллаж байсан компанид хүмүүс надтай харилцдаггүй байсан болохоор их ганцаарддаг байсан. Харин Мишээлийн хамт олон маань ажилд орсон эхний өдрөөс л утсан дээрээ мессэж бичиж харуулах, бүр ойлголцохгүй бол онлайнаар дохионы хэлмэрчтэй холбогдож тайлбарлах зэргээр аль болох надтай харилцахыг хичээж байсан нь үнэхээр талархууштай. Агуулахын ажилчид байнгын хөдөлгөөнтэй байхаас гадна хүнд бараа бүтээгдэхүүн зөөдөг учраас байгууллагаас нь тэдэнд нурууны хамгаалалтын бүс бэлэглэжээ. Т.Гансүх бүсэндээ их хайртай, биеэсээ огт салгадаггүй гэнэ. “Бүсээ зүүсэн байхад ажлыг бол маналзуулчихна шүү дээ” хэмээн ажлаараа бахархан ярих Т.Гансүх агуулахын бүх барааны кодыг цээжээр мэднэ.

“Гэнэт сонсголоо алдсан болоод ч тэр үү хүүхэд насандаа их уурлаж бухимддаг байжээ. Харин одоо хүссэн ажлаа хийгээд хайртай гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдарч байна даа. Би гурван хүүхэдтэй. Бага хүү маань намайг дуурайсан том алаг нүдтэй” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэн суух Т.Гансүх сайн аав, сайн хань гэдэг нь илт байв. Хэн ч бай өөрийг нь ойлгож, хүндэлдэг зөв газраа олж чадвал аз жаргалтай, сэтгэл дүүрэн ажиллах боломж бүрэн байгаа жишээг түүний ярианаас мэдэж авлаа.

зураг
 
Б.Бямбадаваа санамсаргүй байдлаар Мишээл барилгын их дэлгүүрт ажилд оржээ

Т.Гансүхтэй ах дүү мэт дотно, түүний ажлын хамтрагчийг Б.Бямбадаваа гэдэг. Одоо 30 настай бөгөөд тус барилгын их дэлгүүрт хоёр дахь жилдээ ажиллаж байна. Хөвсгөл аймагт төрж өссөн тэрбээр бага байхдаа мориноос унаж, сонсголоо алджээ.

Тухайн үед Хөвсгөл аймагт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцах тусгай хэрэгцээт сургууль байхгүйн улмаас эцэг эхийн хамт Улаанбаатар хот руу шилжин иржээ. 13 настай байхдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн ерөнхий газрын дэргэдэх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үсчний мэргэжлээр суралцсан ба төгсөөд нэгэн салонд үсчнээр ажилд орсон боловч үйлчлүүлэгчтэй сайн ярилцаж ойлголцож чадахгүйн улмаас ажил дээрээ алдаа их гаргадаг байжээ.

Тэр нэг өдөр Мишээл хайпермаркетад барилгын материал худалдаж авахаар ирэхдээ агуулахад дохионы хэлээр ярин их л завгүй ажиллах Т.Гансүхийг олж харжээ. Тэр даруй Т.Гансүх дээр явж очоод “Би тантай адил сонсголын бэрхшээлтэй, энд ажиллах боломжтой болов уу” хэмээн асуусан гэнэ. Ингэж л энэ хоёр маань анх учирсан байна.

Т.Гансүх удирдлагадаа Б.Бямбадаваагийн хүсэлтийг дамжуулснаар түүнийг ажилд авахаар болов. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл ах дүүс шиг л нөхөрлөн гар нийлэн ажиллаж байна. Ажлын хуваарь зөрөхөөс бусад тохиолдолд байнга хамт байдаг гэнэ. “Ажилд орсон анхны өдөр Гансүх ах агуулах, заал гээд дэлгүүрийн бүх хэсгээр дагуулж яван нэг бүрчлэн танилцуулж билээ. Ахтайгаа хамт ажиллах үнэхээр сайхан байдаг”.

Б.Бямбадаваа саяхан өөрийн гараар байшингаа барьж дуусгажээ. “Анх ажилд орсон үеэ бодвол цалин маань нэмэгдсэн учраас одоо л өөрийн гэсэн байшинтай болъё гэж шийдсэн”. Түүнийг мөрөөдлөө биелүүлэхэд байгууллага, хамт олон нь бүхий л талаар тусалж дэмжсэн юм. Тухайлбал мөнгөн тусламж үзүүлэхээс гадна агуулахын ажилчид ээлжгүй амардаг өдрөө ээлжлэн очиж, байшинг нь хамт барилцжээ.

“Би ажилдаа үнэхээр дуртай, хамт олондоо ч хайртай. Манай найзууд намайг сайхан хамт олонтой учирсан азтай золиг шүү гэж байнга цаашлуулдаг” хэмээн ярихад нь түүний царайд инээмсэглэл тодорч байв.

Хүн нэг бүрийн хичээл зүтгэлийг үнэлдэг

зураг
 
Зохион байгуулагч Р.Баясгалан дохионы хэлээр ажлын заавар өгч буй нь

Т.Гансүх, Б.Бямбадаваа нарт ажил үүргийн зааварчилгааг дэлгүүрийн заал болон агуулах хариуцсан зохион байгуулагч Р.Баясгалан өгдөг. Р.Баясгалан “Номин Холдинг” ХХК-д ажилд ороод, шууд л “Номин Мишээл” ХХК-д томилогдсон бөгөөд өдгөө 12 дахь жилдээ ажиллаж байна.

Түүний дотны найз сонсголын бэрхшээлтэй учраас өдөр тутамд хэрэглэгдэх дохионы хэлийг сайн мэднэ. “Анх ажилд ороод сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байсан ч хамт ажиллах явцдаа тэднийг тусгайлан хандуулах дургүй байгааг анзаарсан юм. Бусад ажилчидтай харьцдаг шиг эрх тэгш хандах ёстойг ойлгосон. Одоогоор агуулахад нийт долоон хүн ажиллаж байна. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байгаа гээд тусгай орчин бий болгох бус өөр хоорондоо харилцан туслах боломжтой, найрсаг харилцааг бүрдүүлэхийн тулд аль болох багаар ажиллуулахыг зорьж байгаа” хэмээн чин сэтгэлээсээ ярьсан юм.

зураг
 
Гар нийлэн ажиллаж буй хоёр

Зарим тохиолдолд үйлчлүүлэгчдээс “Танай ажилчид юм асуухаар хариулахгүй юм” гэсэн гомдол ирдэг. Үйлчлүүлэгч хэдий чухал боловч тухайн байгууллагыг бий болгож буй хүмүүс бол ажилчид юм.

Т.Гансүх, Б.Бямбадаваа нар “Манай байгууллага ажилчдаа санаа тавьж, шударгаар үнэлж чаддаг” хэмээн ам уралдан ярив. Р.Баясгалан менежер “Хүмүүс супермаркетаас  хүссэн зүйлээ аваад кассад бичүүлээд гардаг. Харин манайх тухайн барааны тайлбар, зөвлөмжийг танилцуулахаас гадна агуулахад бэлэн байгаа эсэхийг нягталж байж худалдаалдаг учраас хүн нэг бүрийн оролцоотойгоор бараа бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчдэд хүргэдэг. Хүн бүрийн үүрэг хариуцлага маш чухал. Нэг ёсондоо багаар ажиллаж байгаа юм” хэмээн дэлгүүрийнхээ онцлогийг дурдлаа. Ковид цар тахлын нөлөөгөөр ажилчдынхаа тоог цөөлөх компани нэлээдгүй байсан. Харин манайх нэг хүн ч цөөлөлгүй, хүнд хэцүү цагийг хамтдаа даван туулсан.

Ажлын байран дээрх найман цагийг тав тухтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьдог

Менежер П.Болортуяа, хүний нөөцийн менежер Г.Түмэнжаргал нар тус дэлгүүрийн ерөнхий үйл ажиллагааг удирдан явуулдаг.

зураг
 
“Номин Мишээл” ХХК-ийн Барилгын их дэлгүүрийн менежер П.Болортуяа

 П.Болортуяа 2018 оноос Барилгын их дэлгүүрт менежерээр томилогдон ажиллаж байна. “Барилгын материалын дэлгүүр гэхээр хэн бүрийн санаанд эмх замбараагүй орчин төсөөлөгддөг шүү дээ. Манайх бол эсрэгээрээ, маш цэгцтэй” байгаа биз. Хүн нэг бүрийн хүч хөдөлмөр юм шүү” хэмээн хамт олноороо бахархан ярив.

Т.Гансүх маань агуулахын бүх барааны кодыг цээжээр мэддэг учраас бидний хувьд нэвтэрхий толь мэт. Б.Бямбадавааг анх ажилд орох үед шантраад ажлаасаа гарчих юм болов уу гэж санаа зовж байсан ч ажилдаа маш хурдан дасаж, хичээнгүйлэн ажиллаж буйг харах удирдлага хүний хувьд их баяртай байгаа.

зураг
 
Мишээл барилгын их дэлгүүрийн Хүний нөөцийн менежер Г.Түмэнжаргал

Хүний нөөцийн менежер Г.Түмэнжаргал “Номин Холдинг” ХХК-д тав дахь жилдээ, барилгын их дэлгүүрт хоёр дахь жилдээ ажиллаж байна. Мишээл барилгын их дэлгүүр хүний нөөцийн бодлогын хүрээнд ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, ээлжийн амралт болон нийгмийн бүхий л асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээс гадна ажлын байр бүрийн онцлог, гүйцэтгэх үүргийг тодорхой болгож чаджээ. “Манай хоёр өнөөдрийг хүртэл ажлаасаа хоцорсон удаа байхгүй. Хамт олныхоо үлгэр дуурайлал болсон ажилчид билээ. Бид цаашдаа ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах бодлого баримталж байгаа. “Номин Холдинг” ХХК болон манай дэлгүүрт ажиллах хүсэлтэй хэн бүхэнд нэг баг болон хамтран ажиллахад бид нээлттэй шүү. 

зураг
 
Хан-Уул дүүрэгт байрлах Мишээл барилгын их дэлгүүр

Тус барилгын их дэлгүүр ажилчдадаа нийгмийн халамж болон бусад бүхий л шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлдэг. Мөн хүн бүрийг аль болох шударгаар үнэлэхийг хичээдэг. Шинэ жилийн баяраар ажилчдаа шагнаж урамшуулахаас гадна сэтгэлийн дэм өгч, цаашид сэтгэл дүүрэн ажиллах урам өгдөг.

“Бид өдрийн гуравны нэг буюу найман цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс ажилчдаа сэтгэлд амар тав тухтай орчинд ажиллах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа” хэмээн ярих Г.Түмэнжаргал менежерийн хичээл зүтгэл байгууллагын нийт хамт олонд хүрч чаджээ.

Т.Гансүх болон Б.Бямбадаваа нар хоорондоо ах дүүс мэт дотно байдаг ч заримдаа ажил дээр тулгарах асуудалд ширүүхэн дуугарах үе ч бий. Тэр бүрд нэгнийгээ хэнээс ч илүү ойлгон хүндлэх эрхэм харилцааг бусад хамт олон болон удирдлагууд ч өндрөөр үнэлдэг. Зохион байгуулагч Р.Баясгалангийн хэлснээр бүгд нэг хамт олон нэг гэр бүл мэт санагдлаа.

Хэдий энгийн зүйл мэт боловч бэрхшээлтэй эсэхээс үл хамааран ажилчдаа тэргүүнд тавьж чадвал хамт олны таатай уур амьсгал бий болж, хүн бүр өөрийн үнэ цэнийг мэдрэхээс гадна үүрэг хариуцлагаа ухамсарлан хичээнгүйлэн ажиллах юм. Монголын топ компаниудын томоохон төлөөлөл “Номин Холдинг” ХХК тэр дундаа тус барилгын их дэлгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахдаа дараах бодлогыг баримталдаг. Ажлын байр бүрд үнэлгээ хийх, бэрхшээлийн онцлогт тохирсон ажлын байранд хуваарилах, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэхийг чухалчилдаг. “Номин Холдинг” ХХК-ийн хамт олонд DPUB2 төслийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж буй сайн жишээ болж, нийгэмд эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Байгууллагын мэдээлэл

Байгууллагын нэр

Номин Холдинг ХХК

Үйл ажиллагаа

Хайпермаркет (Барилгын материал)

Нийт ажилтны тоо

Номин Холдинг ХХК

Ойролцоогоор 5600 гаруй хүн (2022 оны 6-р сарын байдлаар)

Нийт ажилтны тоо

“Номин Мишээл” ХХК-ийн Барилгын материалын их дэлгүүр

Ойролцоогоор 100 гаруй хүн (2022 оны 6-р сарын байдлаар)

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо

Номин Холдинг ХХК

Ойролцоогоор 100 хүн (Хэл яриа, сонсголын бэрхшээл)

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо

“Номин Мишээл” ХХК-ийн Барилгын материалын их дэлгүүр

4 хүн (Сонсгол, бие эрхтний бэрхшээл)

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах болсон шалтгаан

Номин Холдинг ХХК анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулж байгаа. Саяхнаас олон улсын жишигт нийцүүлэх талаас идэвхтэй судалж байгаа.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

  • Эрсдэлийн асуудал хариуцсан алба байгуулсан
  • Эрсдэлийн менежмент, эрүүл мэндийн үзлэгийг тогтмол явуулдаг
  • Ажилд авахаас өмнө ажлын байран дээр дадлага хийлгүүлдэг
  • Нийт хамт олноо урам зориг, сэтгэл дүүрэн ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд шударгаар үнэлэх, урамшуулах тогтолцоог бий болгосон

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222