Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа "Эрдэнэт үйлдвэр" болон "Монголросцветмет"-ийн 49 хувьтай холбоотой хэлцлийн явцын талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газар 49%-ийн өр төлбөрийг барагдууллаа. Засгийн газар одоогоор 100% өмчлөөд байгаа "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет"-ийн энгийн 49%-ийн хувьцааг баталгаажуулж, энэ үйлдвэрүүд 100% ард түмэн эзэн байх боломж бүрдсэн" гэдгийг тодотгов. Хэлцлийн хүрээнд нийт 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээ хийжээ.
Түүний танилцуулснаар:
2017 онд УИХ-ын 23 дугаар тогтоол гараад "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" ХХК-ийн энгийн 49 хувийн хувьцааг худалдан авсантай холбоотой буцаан хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулж, 100% улсын болгох үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ хугацаанд эхний ээлжид нэр бүхий иргэдээс УИХ-ын тогтоолыг ҮХЦэцэд өгсөн. Цэц дүгнэлт гаргаад УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй байна, гэхдээ 49 хувьд төлбөрийг нь эргүүлж төлөх хэрэгтэй тухай заалт гаргасан.
Үүнээс хойш ажилласан Засгийн газрын Сангийн сайд бүр тухай Ажлын хэсгийг ахалж ажилласан. Эхний ажлын хэсгийн тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж, хэлцэл хийх 4 удаагийн оролдлого хийсэн боловч хэлцэл хийх үр дүнд хүрээгүй. Нөгөө талаас маргаан үүсэж Захиргааны болон Иргэний хэргийн шүүхээс эхлээд Дээд шатны шүүх хүртэл гомдол гаргаж явсан байдаг. Харамсалтай нь шат бүрд нь хэлцэл хийгээгүй гэдэг үндэслэлээр Засгийн газар ялагдаж байсан. Ингээд хэлцэл хийх боломж бүрдэхгүй явсаар манай Засгийн газар 2022 оны хоёрдугаар сард байгуулагдаад залгаад шинээр ажилласан Сангийн сайд миний бие ахалсан.
Бид архив дээр нэлээд сууж, баримт материалыг үзэж судалж, холбогдох этгээдүүдийн хамааралтай байдлыг нотлох нэмэлт материалуудыг олж тогтоосон. Ингээд нөгөө талд хэлцэл хийх бэлтгэл хийж дууссанаар өнгөрсөн арванхоёрдугаар сард манай Ажлын хэсэг хэлцэл хийх саналыг анх тавиад түүнээс хойш хоёр тал хэд хэдэн удаа уулзаж, хэлцлүүдийг үргэлжлүүлсэн.
Хэлцэл нэлээд амаргүй үргэлжилсэн. Энэ хооронд Хөгжлийн Банкан дээр "Кью Эс Си" компанийн зээлийн өрийн үлдэгдэл 196 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдлийг мөнгөн хөрөнгөөр тус компанийн зүгээс барагдуулсан. Мөн энэ хугацаанд олж тогтоосон хамааралтай этгээдүүдийг баталсан баримтууд дээр үндэслэж ХХБ-наас харилцан суутгах асуудлуудаа хүлээн зөвшөөрч, бичгээр зөвшилцлийг баталгаажуулж ирүүлсэн. Мөн эдгээр хэлцлүүдийг хийхэд манай хүчний байгууллагууд, тэр дундаа АТГ-ын ажилтнууд нягт хамтарч, түргэн шуурхай шийдвэр гаргахад хамтарч ажилласан гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!