“Орчны болон агаарын бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төслийн оролцогч талуудын зөвлөх уулзалт боллоо. Энэхүү төсөл нь Монгол, Энэтхэг, Этиоп улсуудад 2021-2023 оны хооронд хэрэгжиж байгаа бөгөөд Халдварт бус өвчин (ХБӨ) болон орчны бохирдлын харилцан хамаарлаас болж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд эдгээр улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой аж.
Уг төслийн хүрээнд орчны бохирдол нийгмийн эрүүл мэнд, нэн ялангуяа ХБӨ-ний зонхилолт хэрхэн нөлөөлж буйг эдийн засгийн тогтолцоотойгоор гаргаж ирэх, салбар хоорондын холбоо хамаарлыг нэмэгдүүлэн ажиллах юм.
Орчны бохирдлын улмаас Дэлхийд жилд дунджаар 13 сая орчим хүн нас бардаг байна. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 25 хувийг эзэлдэг бөгөөд үүнээс долоон сая орчим нь агаарын бохирдолтой холбоотой нас баралт байдаг аж.
Манай улсын нийт нас баралтын 80 хувийг ХБӨ эзэлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ ) 2020 онд ХБӨ-өөс шалтгаалан эрт нас барах эрсдэл 30 хувиар нэмэгдсэн болохыг судалжээ. Өнөөг хүртэл ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх хяналт, зохицуулалтад орчны бохирдлыг тусгадаггүй явж иржээ. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдолд гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух 80 хувийг, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын зуух 10 хувийг, автотээврийн хэрэгсэл 20 хувийг, дулааны цахилгаан станцууд 5-6 хувийг тус тус эзэлж байгааг уг хурлын үеэр дурдлаа.
Төслийн хурлын үеэр дотоод, гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах талаар Төслийн зөвлөх, АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн ахлах багш Б.Батзориг өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Дотоод орчны агаарын бохирдлоос үүдэж эрүүл мэнд, эдийн засаг, хүрээлэн буй орчинд ямар дарамтууд учирч байгааг тооцоолох зорилготой байгаа. Үндэсний хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахад эдийн засгийн нөхцөл байдлыг 5-10 жилээр нь тооцоолж гаргах үндсэн ажлууд хийгдэж эхэлсэн.
Дотоод агаарын бохирдлын голлох шалтгаан нь иргэд гэртээ хоол хийх, гэрээ дулаацуулах үйл ажиллагаанд хэрэглэдэг түүхий нүүрс түлэх, тамхидалт, цахилгаан машины өргөн хэрэглээ нөлөөлдөг. Мөн сүүлийн үед барилгын материалын хог хаягдлууд дотоод орчны агаарын бохирдолд нөлөөлж байна.
Уг асуудлыг шийдэхэд тодорхой загваруудыг үүсгэж урьдчилсан байдлаар “BAR HAP tool” программыг ашиглаж эхэлсэн. Үүний тусламжтайгаар агаарын бохирдлын улмаас үүссэн дарамтуудыг тооцоолон гаргадаг. Тус аргыг Непал, Этиоп, Нигер зэрэг улсууд судалгаандаа ашигласан байдаг. “BAR HAP tool” программ нь нийт 23 орны агаарын болон орчны бохирдлын мэдээллийг түүвэрлэн гаргадаг. Энэхүү программ нь дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах үр өгөөжийг тооцоолох технологийн хэрэгсэл юм” гэлээ.
Төслийн хурлын үеэр Олон талт хамтын ажиллагаа, халдварт өвчний зохицуулалтын талаар Төсвийн зөвлөх, Хүний их эмч Ц.Оюунцэцэг илтгэл хэлэлцүүллээ.
Тэрбээр илтгэлдээ “2018 онд НҮБ-ын ХБӨ-ний дээд түвшний гурав дахь хурлаар агаарын бохирдол нь ХБӨ-нийг нэмэгдүүлэх эрстэлт хүчин зүйл мөн гэдгийг тодорхойлсон. Төслийн маань хоёр дахь зорилт бол олон талт хамтын ажиллагаа юм. Олон талт хамтын үйл ажиллагааг боловсруулахдаа ДЭМБ-аас боловсруулсан ХБӨ-д чиглэсэн олон талт хамтын үйл ажиллагааг боловсруулах аргачлалыг ашиглаж төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Төслийн зүгээс санал болгож буй бүтэц нь засаглалын механизмыг бүрдүүлэх.
Сангийн яам, БОАЖЯ, ЭМЯ, Эдийн засаг хөгжлийн яам зэрэг дөрвөн яамыг засаглалын механизмд гол үүрэг гүйцэтгэх ёстой байгууллагууд гэж үзэж байна. Энэтхэг болон Этиоп улсуудад зөвхөн ХБӨ-д зориулсан олон талт хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байгаа. Тэгэхээр манай орны хувьд ХБӨ-д орчны бохирдол болон агаарын бохирдлыг хамруулж тооцсон үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгтэй. Төслийн зүгээс дата анализад суурилж шийдвэр гаргах, орчны эрүүл мэндийн хяналтын түвшинг сайжруулах, агаарын чанарыг сайжруулж хавдрын тохиолдлыг бууруулах, ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэнэ” хэмээн дурдлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|