УИХ-ын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн Жинст, Богд, Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан зэрэг говийн сумдад ажиллаж, иргэд, төрийн албан хаагчдад Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа болон батлагдсан хууль тотгоомжууд, бодлогын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал бодлыг нь сонслоо.
Баянхонгор аймгийн хувьд энэ жил малын тоо толгой өссөн гэсэн таатай мэдээ байна.
Мөн шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлсэн орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангуудын үйл ажиллагаа бодитой хэрэгжиж, сумын иргэд төсвөө өөрсдөө баталж, захиран зарцуулах болсон нь үр дүнгээ өгсөн ажил болсон гэдгийг сумын удирдлагууд энэ үеэр дуулгалаа.
Энэ үеэр “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Баянлиг сумын хувьд 20 ортой хоёр давхар эмнэлэг, 620 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, 250 хүний суудалтай спорт заалны барилгын ажил дуусах шатандаа оржээ.
Түүнчлэн “Шинэ сум” төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто замууд, гэрэлтүүлэг, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж чадсан байна. Төслийн хүрээнд шинээр байгуулагдаж буй сум ирэх онд нээлтээ хийх юм.
Сум байгуулах үйл ажиллагааны явц бага зэрэг удаашралтай явж ирсэн нь холоос барилгын материалаа тээвэрлэн, угсарч байгаагаас замдаа саатах тохиолдлууд гарч байгаатай холбоотой гэлээ.
Тэрбээр “Шинэ сум” төслийн талаар хэлэхдээ, сум байгуулах ажил энэ оны сүүлээр дуусах байсан ч он дамжих болсныг дуулгаад, энэ төсөл хэрэгжсэнээр хөдөөнөөс хотруу шилжих шилжилт хөдөлгөөн багасч, орон нутгийн иргэд, малчдын хүүхдүүд орчин үеийн стандартад нийцсэн сургууль, цэцэрлэгт сурч хүмүүжих, иргэд төрийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах зэрэг 21-р зууны жишгээр амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж байгааг онцоллоо.
Мөн тэрээр цаашид бүх сумдыг ийм жишгээр хөгжүүлэх бодлого хэрэгжинэ гэдгийг дуулгав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!