Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын батлан хамгаалах яамны үзүүлсэн газрын зурагт Украины армийн чөлөөлсөн газар нутгийг тодорхой харуулжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр Украины дайны нөхцөл байдлын талаар хийсэн ээлжит мэдээллийнхээ үеэр өөрийн алдсан газар нутгийн зургийг тодорхой харуулжээ.

Аравдугаар сарын 4-ний байдлаар Оросын цэрэг Украины зүүн хойд Харьков мужаас бараг бүрэн гарсан бол өмнөд бүсийн Херсон мужийн хойд хэсгээс ухарч, нэлээд хэмжээний газар нутгийг алджээ.

Одоогоор Оросын арми Харьков мужийн зүүн хойд хэсэгт Дворичне тосгоны орчмын багахан газар нутгийг хянаж байна.

Даваа гарагт буюу нэг өдрийн өмнө ОХУ-ын батлан хамгаалах яамны үзүүлсэн газрын зурагт Харьков мужийн Оскол голын зүүн хэсэг бүхэлдээ Оросын армийн хяналтад байгааг харуулж байжээ.

зураг
 

Эндээс харвал сүүлийн нэг хоногийн дотор Украины арми Харьков муж дахь Оросын цэргийн хяналтад байсан газар нутгийн гуравны хоёрыг чөлөөлсөн юм байна.

Өмнөх өдөр үзүүлсэн газрын зурагт Херсон дахь фронтын шугамыг Давидов Брод, Добрянка, Золотая Балка суурингуудын ойролцоо зурсан байсан бол өчигдөр үзүүлсэн зурагт дээрх тосгонууд Украины цэргийн хяналтад шилжсэнийг харуулжээ.

зураг
 

Өөрөөр хэлбэл сүүлийн нэг хоногийн дотор Украины арми Херсон мужийн хойд хэсэгт амжилттай давшиж, фронтын шугамыг 30 км орчмоор ахиулсан байна.

Киевийн эрх баригчид сүүлийн үед фронтын шугам дээр гаргасан амжилтынхаа талаар мэдээлсээр байгаа. Уг мэдээллийг бусад эх сурвалжаар баталгаажуулах боломжгүй байсан юм. Тэгвэл ОХУ-ын албаны эх сурвалж Украины армийн давшилт үнэн болохыг ийнхүү батлан харууллаа.

 

Эх сурвалж: Reuters