Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛИЙН МЭДЛЭГТ: 14 хүртэлх насны хүүхэдтэй нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно

ikon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр бүлийн холбогдолтой маргаан нь иргэний шүүх дэх маргааны нэлээд хувийг эзэлдэг ба 2021 оны эхний хагас жилийн байдлаар 2085 хэрэг буюу 10.1 хувийг эзэлж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг нутаг дэвсгэрийн харьяаллаар буюу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай. Харин гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд онцлог зохицуулалт үйлчилдэг бөгөөд бага насны хүүхэдтэй нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандан гаргах боломжийг хуулиар тусгайлан олгосон байдаг.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д “Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй … байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандан нэхэмжлэл гаргана.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжууд болон хууль зүйн шинжлэх ухааны тайлбараас үзвэл “бага насны хүүхэд” гэдэгт 14 хүртэлх насны хүүхдийг хамааруулан ойлгодог. Тухайлбал:

  • Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар бага насны хүүхэд гэж 14 нас хүрээгүй хүүхдийг;
  • Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмжид зааснаар “бага насны хүүхэд” гэдэгт 14 хүртэлх насны этгээдийг тус тус ойлгоно.

Нэхэмжлэгч бага насны буюу 14 хүртэлх насны хүүхэдтэй бол гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.

Гэтэл зарим шүүх болон эвлэрүүлэн зуучлагч нар нь “0-3 насны хүүхдийг, эсвэл 7-оос доош насны хүүхдийг л бага насны хүүхэд гэж ойлгоно” гэх зэргээр өөрсдийн үзэмжээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, 7-14 насны хүүхэдтэй нэхэмжлэгчийг нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл хүлээж авахаас татгалзах, хэргийг шилжүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах практик цөөнгүй харагддаг.

Хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх үүрэг бүхий дээрх шүүгч, эвлэрүүлэн зуучлагч нарын шийдвэрийн улмаас хүүхдийн дээд ашиг сонирхол хөндөгдөөд зогсохгүй хүүхэд наад захын хэрэгцээт зүйлээр хангуулах эрхээ эдлэхэд саад учруулж байна.

Иймд хуулийг нэг мөр ойлгон хэрэглэж бага насны хүүхэдтэй нэхэмжлэгчийн өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандах хуулиар олгогдсон боломжийг хязгаарлахгүй байх тал дээр цаашид анхаараасай гэж хүсэж байна.

 

LEGAL HOUSE хуулийн фирмийн партнер,
өмгөөлөгч Г.Энхцэцэг, Л.Оюун-Эрдэнэ