Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нээлттэй мэдээллийг ил тод байлгах, шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг баталлаа

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Тус хуулиар мэдээлэл хариуцагч байгууллага нь уг хуульд заасан 68 төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн. Мөн “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг Засгийн газар батална” гэж заасны дагуу журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Журамд нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэргээр үнэлэхээр шалгуур үзүүлэлтэд тусгасан бол ямар мэдээллийн хэрэгсэл ашигласан, цаг хугацаандаа, бүрэн мэдээлсэн эсэх зэргээр үнэлэхээр аргачлалд тусгажээ.

Тайлангийн тухайд мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийн ил тод байдлыг журамд зааснаар үнэлж тогтсон хүснэгтийн дагуу гаргана. Үнэлгээний тайланг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэж, бусад мэдээлэл хариуцагч жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор Зөвлөлийн ажлын албанд тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ.

Зөвлөлийн ажлын алба үнэлгээний нэгдсэн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаагүй мэдээлэл хариуцагчид зөвлөмж хүргүүлэхээр журамд тусгажээ.
 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар