Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Азовын батальоны дайчдыг сулласанд “маш их сэтгэл дундуур” байгаагаа Кадыров илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Орос, Украины талууд олзны томоохон солилцоо явуулсан билээ.

Украины тал энэ солилцоогоор 215 цэргээ суллуулж авсан бол Оросын тал 55 цэргээ, Путиний ойрын холбоотон гэгддэг олигархи Виктор Медведчукын хамт шилжүүлж авсан юм.

Украины суллуулсан цэргүүдийн 100 орчим нь Мариуполийг хамгаалж байсан Азовын батальоны дайчид байв.

Азовын батальоныг Оросын эрх баригчид “неонацистууд” гэж нэрлэж байсан юм. Харин тэднийг шийтгэлгүй олзны солилцоонд хамруулсан нь Оросын зарим хатуу чиг бодлого баримтлагчдыг гомдоогоод байна.

Тухайлбал ОХУ-ын Чеченийн БНУ-ын засгийн тэргүүн Рамзан Кадыров энэ солилцоог хурцаар шүүмжилжээ.

“Би өчигдрийн мэдээг сонсоод маш их сэтгэл гонсойлоо. Нөхцөл байдал бүхэлдээ надад таалагдахгүй байна. Байлдааны болон тактикийн шийдвэр гаргах бүрдээ тэд цэргийн тусгай ажиллагаанд идэвхтэй оролцож буй бидэнтэй үргэлж зөвлөлддөг. Гэтэл одоо…” гэж тэр Телеграм хуудсандаа бичсэн байна.

Кадыров цааш нь “Азовын террористуудаас ганцыг ч суллах асуудал яригдах ёсгүй байсан юм” гэж халаглан бичжээ.

Гэхдээ тэр сүүлд нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд үнэнчээ батлан илэрхийлсэн байна.

“Батлан хамгаалах яам болон Холбооны Аюулаас Хамгаалах Албаны дээд албан тушаалтнууд бүх зүйлийг илүү тодорхой харж байгаа” тул Чеченийн дайчид “Ерөнхий командлагчийн бүх тушаалыг дагах” үндсэн зарчмаасаа ухрахгүйг Кадыров илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Business Insider