Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгчийг “хөшигний ард” шүүмжилсэн ярианы бичлэг задрав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Рэйтинг нь түүхэн доод хэмжээнд хүртэл унаад байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын “хөшигний ард” гол холбоотон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг шүүмжилсэн ярианы бичлэг өчигдөр задарсан нь дуулиан дэгдээжээ.

Энэ оны тавдугаар сард тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон тэрбээр одоо Нью-Йорк хотноо НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцож байгаа юм.

Лхагва гарагт Global Fund сангийн арга хэмжээнд оролцохдоо Юн Сүк Ёл тус санд $6 тэрбумыг амласан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай ярилцаж буй нь хэвлэлийн дуранд буусан байна.

Харин дараа нь тэр “Энэ новшнууд үүнийгээ Конгрессоор батлуулж чадахгүй бол Байден хараал идсэн нүүрээ яаж хамгаалах юм бол?” гэж туслахдаа хэлсэн нь сурвалжлагчийн унтраагаагүй микрофонд бичигдэж үлджээ.

Ёлын ярианы бичлэг YouTube платформд нийтлэгдсэнээсээ хойш хэдхэн цагийн дотор хоёр сая гаруй хүнд хүрсэн байна.

Бас түүний ашигласан “новшнууд” хэмээх бүдүүлэг үг хэллэг өчигдөр Өмнөд Солонгосын твиттер сүлжээний трэнд үгсийг тэргүүлжээ. Өмнөд Солонгосын иргэд улс орныхоо нэр хүндийг унагах агуулгатай зүйл ярьсан ерөнхийлөгчөө шүүмжилцгээж байна.

Global Fund санд амласан мөнгөө хандивлахын тулд Байден конгрессоос зөвшөөрөл авах ёстойг Юн Сүк Ёл ингэж илэрхийлсэн юм. АНУ нь Өмнөд Солонгосын аюулгүй байдлын гол түнш бөгөөд цөмийн зэвсэгтэй Умард Солонгосоос хамгаалахын тулд Вашингтон 27,000 цэргээ байрлуулсан байдаг.

Өмнө нь прокурор байсан Юн Сүк Ёлын хувьд улс төрд шинэ хүн гэгддэг. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш тэр нэлээд хэл аманд орооцолдож, рэйтинг нь 24 хувь хүртэл унаж байв. Яг одоо Юн Сүк Ёлын рэйтинг бага зэрэг өсөж, 32 хувьтай байна.

Харьцуулбал тангараг өргөснөөсөө хойших ижил хугацаанд өмнөх ерөнхийлөгч Мүүн Жэ Ин 70 хувийн рэйтингтэй байжээ.

Хэд хоногийн өмнө Юн Сүк Ёл замын ачааллаас шалтгаалан Их Британийн хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж чадаагүй нь Өмнөд Солонгосын иргэдийг нэлээд бухимдуулсан юм.

 

Эх сурвалж: AFP