Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож, Казахстан, Узбекистанд айлчиллаа

ikon.mn
2022 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2022 оны 9 сарын 14-16-ны өдрүүдэд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистаны Самарканд хотод ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар хуралдаанд оролцож, урилгаар Казахстан, Узбекистанд төрийн айлчлал хийлээ. Айлчлалын төгсгөлд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И дагалдан яваа сэтгүүлчдэд айлчлалын талаар мэдээлэл хийв.

Энэ удаагийн айлчлал нь COVID-19 цар тахлаас хойш Ши Жиньпин даргын хийж буй анхны айлчлал гэдгээрээ өндөр ач холбогдолтой, цаг хугацааны хувьд мөн онцлогтой айлчлал боллоо. Гурван өдөр, хоёр шөнийн хугацаанд Ши Жиньпин дарга Нурсултан, Самарканд хоёр хотод очиж, дөчин найман цаг саатаж, 30 орчим үйл ажиллагаанд оролцлоо. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, эрсдэл, сорилт ихтэй энэ үед, Ши Жиньпин даргын энэ удаагийн Төв Ази дахь айлчлал Евразийг хуурай газраар холбосон торгоны замд илүү их эрч нэмж, дөрвөн замын уулзвар дээр байгаа олон улс, бүс нутгийн нөхцөл байдалд илүү их тогтвортой байдлыг авчирч, орчин үеийн социалист улсыг байгуулах шинэ аяныг эхлүүлэхэд олон улсын илүү үр ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж, их гүрний том намын удирдагчийн дэлхий нийтэд санаа тавьдаг, цаг үеийг удирдан чиглүүлдэг том дүр зураг, том үүрэг хариуцлагыг бүрэн дүүрэн илтгэлээ.

Нэгд, “Шанхайн үзэл санаа”-г сурталчилж, ШХАБ-ын хөгжлийг шинэ шатанд гаргасан. Ши Жиньпин дарга Самарканд хотод дээд хэмжээний хуралдаанд оролцох үеэрээ чухал илтгэл тавьж, ШХАБ-ын ололт, амжилтыг нэгтгэн дүгнэж, таван санал дэвшүүлэн ШХАБ-ын цаашдын хөгжлийн зураглалыг гаргаж, хамтын ажиллагааны шинэ ирээдүйг зураглалаа.

Ши Жиньпин дарга болон хуралдаанд оролцсон улс орнуудын төрийн тэргүүн нарын хамтын хичээл зүтгэлээр энэ удаагийн дээд хэмжээний хуралдаанаар эдийн засаг, санхүү, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, механизм бий болгох, гадаад харилцаа зэрэг салбарын 40 гаруй үр дүнтэй баримт бичгийг баталсан. ШХАБ хамгийн том тэлэлтийн шинэ үе шатыг эхлүүллээ. Хуралдаанаар Хятадын талын цуврал чухал санаачилгын гол агуулгыг шингээсэн "ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн Самаркандын тунхаглал"-ыг батлан гаргасан.

Хоёрт, хувь заяаны хамтын нэгдлийг хамтран байгуулахыг удирдамж болгон, Хятад-Казахстан, Хятад-Узбекистаны хөршийн найрамдлын шинэ хуудсыг нээлээ. Ши Жиньпин дарга хэдэн жилийн дараа Казахстан, Узбекистанд дахин айлчилж, энэ хоёр улсыг цар тахлаас хойших анхны айлчлал хийх улсаараа сонгосон нь Хятад улсын Казахстан, Узбекистан хоёр улстай бий болгосон харилцааны өндөр түвшин хийгээд онцлогийг харуулахын зэрэгцээ төрийн тэргүүн нарын найрсаг, дотно, өндөр түвшний итгэлийг харуулсан явдал боллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Ши Жиньпин даргыг хамгийн хүндэт зочны хувиар хамгийн өндөр хүндлэл, хамгийн өндөр хэмжээнд хүлээн авлаа. Ши Жиньпин дарга хоёр улсын төрийн тэргүүн нартай тус тус хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр талын харилцааны шинэ чиглэлийг тодорхойллоо. Төрийн тэргүүн нар мөн Хятад - Казахстан, Хятад - Узбекистаны хамтын ажиллагааны дараагийн чиглэл болон гол цөмийн тал дээр өргөн хүрээний тохиролцоонд хүрч, хоёр талт хамтын ажиллагааны 30 орчим баримт бичигт гарын үсэг зураад байна.  

Гуравт, бүх талуудтай стратегийн харилцааг гүнзгийрүүлж, Евразийн эх газрын энх тайвны хөгжилд шинэ хүч сэлбэлээ. Ши Жиньпин дарга Самарканд хотод байх үеэрээ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон 10 орны удирдагчидтай хоёр талт уулзалт хийсэн бөгөөд Хятад-Монгол-Орос гурван талын уулзалтад оролцсон.

Ши Жиньпин даргын удирдлагаар Хятад улс олон улсын харилцаанд яриа хэлцэл, хамтын ажиллагаанд түлхэц өгдөг, эв нэгдэл, нээлттэй байдлыг дэмждэг, энх тайван, хөгжлийг хамгаалдаг бүтээгч хүч болон Евразийн эх газар төдийгүй дэлхий дахины байнгын тогтвортой амар тайван байдал, тогтвортой хөгжилд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна.

Хятад-Монгол-Орос гурван улсын төрийн тэргүүн нар 3 жил өнжсөний дараа биечилсэн уулзалт хийлээ. Ши Жиньпин дарга Хятад-Монгол-Орос гурван талын хамтын ажиллагаа амжилттай байгааг баталлаа. Ши Жиньпин дарга мөн гурван талын хамтын ажиллагаанд түлхэц өгөх дөрвөн саналыг дэвшүүлж, гурван талын хамтын ажиллагааны зөв чиглэлийг сайтар баримтлах, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа ахиулж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэн гурван талын хамтын ажиллагаанаас илүү их үр өгөөж гаргах хэрэгтэйг онцолсон юм. Ши Жиньпин дарга мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц өгөх олон шинэ бөгөөд чухал тохиролцоонд хүрлээ.

Дөрөвт, Хятад хөгжлийн гэрэлт ирээдүйтэй байгааг илэрхийлж, их гүрний том намын дэвшлийн төлөөх аян замыг зураглалаа. Дараа сард ХКН БХАТИХ-ын 20-р их хурлыг хуралдуулж Хятадын ирээдүйн хөгжлийн зураглалыг гаргана. Олон улс Хятад болон ХКН-д илүү их анхаарал хандуулж байна.

Ши Жиньпин дарга энэ удаагийн айлчлалын үеэр олон хурал, уулзалт дээр Хятадын болоод ХКН-ын түүхийг эрт болон одоо үеийн өнцгөөс мөн онол ба практикийн өнцгөөс өгүүлж, улс орнуудын удирдагчидтай улс орон засаглах туршлага хуваалцлаа. Үүгээр их гүрний том нам аян замынхаа шинэ шатанд гарах итгэл, нээлттэй байдал, ахих дүр төрхийг бүрэн илтгэсэн ба талуудын ХКН-ын талаарх ойлголт, дэмжлэг болоод хүлээн зөвшөөрөх байдлыг улам нэмэгдүүлэв.

Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал нь Төв Азийн хөрш орнуудад голчилж, Евразийн эх газрын улс орнууд руу хандсан, дэлхийд өрнөж буй нөхцөл байдлыг зангидсан, Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл баримтлалын бас нэгэн бодит амжилт, эрч хүчийг харуулсан айлчлал боллоо.

 

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ