Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Санчир гарагийн бүслүүр бутарсан сарнаас үүсэлтэй гэх таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нарны аймгийн хоёр дахь том гараг болох Санчир нь өөрийгөө тойрсон мөсөн бүслүүртэй байдаг.

Энэхүү бүслүүр яаж үүссэн талаар эрдэмтэд шинэ таамаг дэвшүүлжээ. NASA-гийн Cassini хөлөг Санчир гарагийн тойрог замд 2004-2017 оны хооронд ажиллахдаа их хэмжээний мэдээллийг дэлхийд ирүүлсэн байдаг.

Үүнд Санчир гарагийг тойрон эргэлддэг 83 сар болон бүслүүрийнх нь бүтэц найрлагатай холбоотой мэдээллүүд багтаж байжээ.

Уг мэдээллийг судалсан эрдэмтэд Санчир гараг оршин тогтнож буй 4.5 тэрбум жилийнхээ ихэнх хугацаанд бүслүүргүй байсан гэж дүгнэсэн байна.

Харин Chrysalis гэж нэрлэсэн сар 160 орчим сая жилийн өмнө Санчир гарагтай хэт ойртож, татах хүчинд нь автсаны улмаас бутарч, үүссэн хэлтэрхийнүүд нь бүслүүрийг бүтээсэн гэх таамгийг дэвшүүлжээ.

АНУ-ын Массачусетсийн Технологийн Их сургуулийн гараг эрхэс судлалын профессор Жэк Уисдомын ахалсан баг эхлээд Санчир гараг яагаад тэнхлэгээсээ 27 хэм хазайсан байдгийг тогтоохоор ажиллажээ.

Энэ хазайлтыг Далайн Ван гарагийн татах хүчний нөлөөгөөр үүссэн гэх таамаг өмнө нь яригддаг байсан юм.

Харин Уисдомын баг үүнийг үгүйсгэж, харин одоо алга болсон нэг дагуул нь задрахдаа Санчирыг хазайлгасан гэх дүгнэлтэд хүрсэн байна.

Тэдний тооцоолсноор бол 100-200 сая жилийн өмнө Chrysalis гэж нэрлэж буй сарны тойрог зам тогтворгүй байдалд шилжсэн нь Iapetus болон Titan дагуулуудтай хэд хэдэн удаа ойртсонтой холбоотой гэнэ.

Үүний улмаас Chrysalis эх гарагтайгаа хэт ойртож, эцэстээ татах хүчний нөлөөнд орсноос задарч бутарчээ.

Энэхүү сарны задралаас үүссэн хэлтэрхийнүүд өнөөдрийн Санчир гарагийн бүслүүрийг үүсгэсэн байна. Бүслүүрийг бүрдүүлэгч элементүүдийн нас 100 сая орчим жил байдаг нь энэ таамгийг улам үнэмшилтэй болгож байгаа гэнэ.

Санчир гарагийн бүслүүрийн жин 15 секстиллион (10-ын 21 зэрэг) килограмм бөгөөд 95 хувь нь мөс, үлдсэн хэсэг нь чулуулаг, металлаас бүрддэг байна.

Судалгааны тайлан өчигдөр Science шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian