"Монгол Улсын үндэсний атлас" номын нээлт өнөөдөр боллоо. Энэ үеэр орчин цагийн газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний нээлт болсон юм.
Энэ удаа хэвлэгдэн гарсан үндэсний атлас нь Монгол-Англи хэлээр 1,000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд нийт 246 зургийн тоон мэдээ, нэр, тайлбарыг шинэчилжээ. Үндэсний атлас нь дөрвөн бүлэг, 22 дэд бүлэгтэй аж.
Тус бүтээлийн ерөнхий редактор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов "Монгол Улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Монгол Улсын үндэсний атласыг гурав дахь удаагаа зохиож байна. Анхны атлас 1990 онд Орос-Монгол хэлээр Москва хотод хэвлэгдэж байсан. Үүний дараа 2009 онд Солонгос улсад хоёр дахь атласыг хэвлүүлж байсан. Гурав дахь атласыг энэ жил гаргаж байна.
Үндэсний атлас маань 2009 онд хэвлэгдсэнээс хойш 13 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд манай орны байгаль орчин, нийгэм, эдийн засагт нэлээд өөрчлөлт орсон. Эдгээр өөрчлөлтийг гурав дахь атласт тусгасан.
Үндэсний атласыг ойролцоогоор 20-30 жилд нэг удаа шинэчилж хэвлэх шаардлагатай байдаг" хэмээн хэлсэн юм.
Монгол Улсын үндэсний атласын шинжлэх ухаан-редакцийн зөвлөл энэ оны наймдугаар сарын 4-нд хуралдаж, атласын зургуудыг хэлэлцсэн. Тус хурлаар “Монгол Улсын үндэсний атлас”-ыг хэвлэлтэд шилжүүлэхийг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.
Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл "Газарзүйн шинжлэх ухаан тэр дундаа геоэкологи буюу байгалийн нөөцийн судалгааны салбар нь дэлхийн шинжлэх ухаанд асар их ач холбогдолтой, тэргүүлэх салбар юм. Манай улсын Газарзүй, геоэкологийн эрдэмтэд энэ шинжлэх ухааныг туйлын амжилттай хөгжүүлж яваа. Монгол орны хөрс, газарзүй, байгалийн нөөц баялаг гэх мэтчилэн асар олон томоохон ном бүтээл гарсан байна. Үүний нэг бол Монгол орны үндэсний атлас юм.
Үндэсний атласт газарзүйн гол бүтээлүүд орохоос гадна улс орны эдийн засаг, нийгмийн бүтэц байгуулал, хүн ардын амьжиргаатай холбоотой мэдээлэл нэг дор, зурагтайгаа багтаж ордог учраас улс болгон үндэсний атласаа гаргах хүсэл сонирхолтой байдаг. Дэлхий дээр өнөөдөр Үндэсний атластай 70 гаруй улс байгаа. Эрдэмтдийнхээ хүчээр үндэсний атласаа гаргасан дэлхийн цөөн улсын тоонд орж байгаа" хэмээн ярилаа.
Мөн тэрбээр "Өнөөдөр манай газарзүйн салбарын хоёр том эрдэмтний 100 жилийн ой болж байна. Газарзүйн цэвдэг судлалын хүрээлэнг үндэслэн байгуулагч, академич Ш.Цэгмид агсны ой болж байна. Түүнчлэн Цэвдэг судлалын эрдэмтэн Н.Лонжид гуайн 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсад цэвдэг судлалыг хөгжүүлснээс гадна цэвдгийг улс ардын аж ахуйд хэрхэн ашиглах асуудлыг бодитой шийдсэн эрдэмтэн юм.
Монгол орны цэвдэгтэй газар нутгийн шинж чанарыг судалсны үр дүнд мөсөн зоорь барих зураг, технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Байгалийн аргаар махыг хөлдүүгээр нь хадгалдаг энэ ажлаар Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн алдартай эрдэмтэн юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!