Сүүлийн жилүүдэд элсний нүүлт хөдөлгөөний улмаас сумын төв болон зарим нуур, булаг шандын урсгал ундарга элсэнд дарагдах аюул нүүрлэж байгаа нь анхаарал хандуулах асуудал болжээ. Энэ нь уур амьсгалын дулаарал болон хүний нөлөөгөөр бэлчээрийн даац хэтрэлт, элсийг тогтоон барьдаг шавгийг нутгийн иргэд түлшинд хэрэглэж байгаа зэргээс шууд шалтгаалдаг байна.
Иймд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар болон Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ЗДТГ, Монгол Элсний ТХГН-ийн захиргаа хамтран тус сумын элсжилтийн өнөөгийн төлөв байдал, түүний сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлох суурь судалгааг 2022 оны наймдугаар сарын 13-21-ний хугацаанд хийжээ.
Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан Хөх морьт сумын элсжилтийн өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, хамгааллын арга хэмжээг нутгийн иргэдэд түшиглэн хэрэгжүүлэх менежмент төлөвлөгөөг боловсруулах гэнэ.
Говь-Алтай аймгийн Хөх морьт сум нь Монголын их элсний баруун тал, Хүйсийн говийн зүүн талд байрладаг онцлогтой. Говь-Алтай, Завхан аймгийн нутгийг дамнан орших 300 километр үргэлжилсэн 3,000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм. Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүдийг агуулдаг.
Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар, цагаан суль, цулхир ургадаг. Нутгийн иргэд үр боловсрох үеэр түүж бэлтгэн, хуурч, тээрэмдэн нутгийн брэнд гурилыг үйлдвэрлэж ирсэн уламжлалтай хэмээн ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эх сурвалж мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!