Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль(ХҮИС)-ийг Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн харьяанд 2010 онд нэгтгэсэн ч 2017 онд тусгаарлаж байв.
Харин энэ онд МУИС-д нэгдэхээр болоод буй ХҮИС-ийнхан өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
"МУИС-аас тусгаарлагдах үедээ 3.7 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар жилийн орлого 2.8 тэрбум, нийт хөрөнгө 10.7 тэрбум, дансандаа 2.1 тэрбум төгрөгтэй байгаа"-г тус сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш О.Пүрэвдорж өнөөдөр танилцууллаа.
Түүнчлэн тэрбээр "Манай сургуулийн бодит байдал дээр тооцоо судалгаа хийгээгүй байж, багш нарынхаа цалинг тавьж чадахааргүй, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжгүй болсон мэт мэдээллийг нийгэмд цацаж, үндэслэлгүй гаргасан тушаал шийдвэрээ эргэн харахыг хүсэж байна" гэлээ.
2010-2017 оны хооронд ХҮИС-ийн өмч хөрөнгө хэрхэн өөрчлөгдсөн талаар тус сургуулийн доктор, профессор М.Должин "2010 онд МУИС-тай нэгдэж, 2017 онд салахад манай хөрөнгөд зөрчлүүд гарсан. Ялангуяа газрын асуудал. Манай сургууль "Цонжин болдог"-ийн цаад хэсэгт 10.4 га газартай байсан нь 6 га болсон.
Хоёрдугаарт, Да хүрээ захын хажууд эзэмшиж байсан газрыг манай сургуулийн жолооч байсан хүний нэр дээр шилжүүлсэн, Баянхонгор аймаг дахь салбар сургуулийг маань хувийнх болгож, газрыг нь хувийн эзэмшил болгосон байсан. Өмч хөрөнгийн маргаантай асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж байгаа, эцэслэгдээгүй" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!