“Рио Тинто” компани нь одоогоор “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийн хувьцааг худалдан авах замаар тус компанийг бүрэн эзэмших санал гаргаад байсан нь дэмжигдэж, зарчмын тохиролцоонд хүрсэн талаар TRQ мэдээллээ.
“Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс” компанийг худалдаж авах эсэх нь "Оюу Толгой" төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжид нөлөөлөхгүй. Аль ч тохиолдолд компаниуд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж тогтвортой үйлдвэрлэлийг эхлүүлнэ гэдийг "Рио Тинто Монгол" мэдэгдэж байна.
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж "Оюу толгой" төслийг урагшлуулахад онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ хэлцэл нь гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд буй чухал цаг үед компанийн засаглалыг тодорхой болгож цаашид хийгдэх ажлуудыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн "Оюу толгой" төслийн санхүүжилт, урт хугацааны амжилтыг бататгахад чухал алхам болж байна” гэжээ.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Туркойс Хилл Ресурс” компанийг худалдан авах манай санал хэрэгжвэл төслийн хувь эзэмшлийн бүтэц илүү энгийн болно. Мөн “Рио Тинто” компани хувь эзэмшигчийн хувиар “Эрдэнэс Оюу Толгой” компани, Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж бүх талуудад урт хугацааны үр өгөөж бий болгох боломж бүрдэнэ” гэдгийг онцолсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!