Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн сарны пуужин өнөөдөр сансарт хөөрнө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA-гийн сар руу сансрын хөлөг илгээх шинэ пуужин хөөрөхөд бэлэн болжээ.

98 метр урт Space Launch System нь тус байгууллагын зохион бүтээсэн хамгийн хүчирхэг пуужин юм. Уг пуужин өнөөдөр буюу Даваа гарагт Orion нэртэй нисгэгчгүй сансрын хөлгийг сарны тойрог замд оруулах аялалд гарахаар хөөрөх тавцан дээр байрлаад байна.

Хагас зууны өмнө NASA саран дээр 12 сансрын нисгэгчийг буулгасан Apollo хөтөлбөр хэрэгжүүлж байсан бол энэ удаа дахин дэлхийн дагуулд хүрэх гэж байгаа юм.

Өнөөдрийн нислэгийн үр дүнд туршилтын хөлөг сарны тойрог замд  зургаан долоо хоног ажиллах ёстой. Хэрвээ нислэг амжилттай болбол ойрын жилүүдэд сансрын нисгэгчдийг сар руу илгээх юм.

Гэхдээ энэ удаагийн нислэгийн эрсдэл өндөр, замын дундаас цуцлагдах магадлалтайг NASA-гийн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Orion хөлөгт сансрын нисгэгчийн гурван загвар сууж аялах ба тэдгээр нь хүнд үзүүлэх сөрөг нөлөөг хэмжих багажуудаар тоноглогджээ.

Тухайлбал хүчтэй доргилт, өндөр хурд, цацраг туяа зэрэг хүчин зүйлс хүний биед яаж нөлөөлөхийг турших юм байна.

Хөлөг нийтдээ 1,000 гаруй мэдрэгчээр тоноглогджээ.

Бямба гарагт Кеннедийн нэрэмжит сансрын буудлын орчимд хүчтэй аадар бороо орох үеэр таван удаа аянга буусан юм. Энэ үеэр пуужин болон хөлөгт ямар нэг гэмтэл учраагүйг өчигдөр NASA мэдэгджээ.

Ойрын өдрүүдэд бороотой байх ч Даваа гарагийн өглөө пуужин хөөргөхөд тохиромжтой хоёр цагийн зурвас хугацаа байгааг ашиглахаар болсон байна.

АНУ саран дээр хүн буулгах хоёр дахь хөтөлбөрөө Artemis гэж нэрлээд байгаа. Өнөөдөр Artemis хөтөлбөрийн анхны нислэг үйлдэгдэх гэж байна. Грекийн домогт өгүүлснээр Artemis нь Apollo-гийн ихэр охин дүү юм.

 

Эх сурвалж: Associated Press