Төрийн Цахим Үйлчилгээний Зохицуулалтын Газар (ТЦҮЗГ)-ын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяртай ярилцлаа.
- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг ямар агуулгын хүрээнд ордог вэ?
Дэлхий нийтээр эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, боловсрол, төрийн үйлчилгээ зэрэг бүхий л нийгмийн чухал секторуудаа цахимжуулж байгаа билээ. Ингэснээр хүмүүсийн цаг хэмнэх, зардал хэмнэх, ямар ч асуудлыг хурдан шуурхай, цэгцтэй, ойлгомжтой болгодог гэх мэт маш том давуу талтай боловч үүнийг буруугаар ашиглаж цахим гэмт хэрэг, халдлага, залилан хийх тохиолдлууд их байна.
Жишээ нь: Бүгд Найрамдах Хятад Улсад л гэхэд халаасны хулгай байхаа болиод цахим залилан, халдлага ихээр гаргах болсон. Манай улсад ч мөн энэ үзэгдэл ихээр тохиолдож байгаа.
Иймд манай байгууллагаас цахим ур чадвар дээшлүүлэх сургалтыг хувь хүн мэдээллээ хэрхэн хамгаалах, Орчин үеийн дэвшилтэт технологиуд, Цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, Цахим орчин дахь хүүхэд хамгаалал E-Kids ашиглалт, түүний ач холбогдол, тоон гарын үсгийн хэрэглээ зэрэг олон сэдвээр сургалт зохион байгуулдаг.
Нийслэлд оршин сууж буй иргэд, ЕБС-ийн багш, ажилтан, сурагч, төрийн албан хаагчдад цахим ур чадвар дээшлүүлэх сургалтыг манай Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газраас хариуцан гүйцэтгэж байгаа. Харин орон нутагт оршин сууж буй иргэдэд манай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн албан хаагчид маань цахим ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг тус тус зохион байгуулан ажиллаж байна.
Одоогийн байдлаар манай байгууллага Монгол Улсын хэмжээнд нийтдээ 70,000 гаруй иргэдэд цахим ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулсан ийм амжилттай үзүүлэлттэй байна.
ТЦҮЗГ-аас цахим ур чадвар дээшлүүлэх сургалтыг ЕБС-ийн багш, ажилтан, сурагч, төрийн албан хаагч болон орон нутгийн иргэдэд зохион байгуулж байна.
- Сүүлийн үед иргэд цахим гэмт хэргийн хохирогч болж хувийн мэдээллээ алдах зэрэг асуудлууд гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгч болох уу?
Мэдээж бололгүй яах вэ. Интернэтийн хэрэглэгчдийн тоо жил ирэх бүр өсөж байгаатай холбоотойгоор цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, халдлагын тоо ч мөн үүнийг дагаад тасралтгүй нэмэгдэж байна.
2021 онд хийгдсэн мэдээллийн аюулгүй байдлын түүвэр судалгаагаар иргэдийн 29.41% нь ямар нэг байдлаар хувийн мэдээллээ алдаж байсан гэх судалгаа байдаг. Тус судалгаанаас авч үзэхэд цахим халдлагад өртсөн иргэд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг, ойлголт дутмаг байдлаас үүдэж цахим гэмт хэргийн хохирогч болдог.
Иймд хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд эхлээд нууц кодоо тогтмол шинэчилж үсэг, тоо, тэмдэгтүүд орсон 10 орноос дээш кодлол бүхий нууц үг ашиглаж хэвших, хоёрдугаарт фейсбүүкт гарч ирдэг тоглоом, “Та 2025 онд яах вэ?” зэрэг сонжоо бүхий асуултын линк рүү орохгүй байх, 2 шатлалт нууц үг ашиглаж хэвших зэрэг эдгээр энгийн аргыг ашигласнаар иргэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хэн нэгний тусламжгүйгээр өөрөө хамгаалж чадна.
Мөн мэдээллийн аюулгүй байдал хэмээх энэхүү ойлголт нь зөвхөн цахим орчинд яригдах асуудал биш юм. Энэ бол таны хувийн мэдээлэл агуулж буй бүх л зүйлсийг багтааж ойлгоно. Тухайлбал: Албан байгууллага дээрээ өөрийнхөө хувийн мэдээлэл агуулсан цаасаа ил задгай орхих нь та хувийн мэдээллээ алдаж буй бас нэг хэлбэр юм. Түүнчлэн манайхан бусдын компьютероор өөрийн хувийн мэдээлэл агуулсан платформ руу нэвтрээд хаягаа гаргалгүй үлдээх, олон нийтийн газар болох худалдаа үйлчилгээний төв, кофе шопын үнэгүй сүлжээг ашиглаж интернэт банкаараа нэвтрэн орох тохиолдлууд их гардаг. Энэ нь мөн л та халдлагад өртөх боломжийг нэмэгдүүлдэг.
Тиймээс мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд өөрийн хувийн мэдээлэл агуулж буй баримтыг нууцлах, хадгалах, цаасан баримт бичгийг тусгай кодтой шүүгээнд хадгалах. Олон нийтийн сүлжээнд нэвтрэхдээ хувийн мэдээлэл агуулсан аппликейшн, платформ руу нэвтрэхгүй байхад анхаарах хэрэгтэй.
Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим лабораторийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Цахим лаборатори нь иргэд цахим ур чадвар дээшлүүлэх чиглэлээр сурсан зүйлсээ практик дээр туршин судлах процесс юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!