Уншиж байна ...

Н.Дашзэвэг: Бүр онигоотой нь Засгийн газар хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулна гэнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний Зориг Ногоон Намаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын зөвлөх, эдийн засагт Н.Дашзэвэг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Засгийн газрын мөрийн хөтөлбөр ард түмнээ, сонгогчдоо мартчихсан байна. Жишээ нь, ирэх дөрвөн жилд ард түмний бодит орлого хэрхэн өсөх талаар ямар ч үг, өгүүлбэр алга. Амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар нэг ч үг алга.

“Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д дундаж ба түүнээс орлоготой иргэдийн эзлэх хувийг 71 хувь байгааг 80 хувь болгоно гэсэн байна. Дараа жил дундаж давхаргын эзлэх хувь 80 хувь болсон байх ёстой. Гэтэл дөрвөн жил ажиллах Засгийн газар дундаж давхаргаа хэдэн хувь болгох талаар огт дурдаагүй байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Нэг хүнд ногдох ДНБ-ийг 8-10 мянган ам.долларт хүргэнэ, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулна гэсэн байна. Ядуурлыг хоёр дахин бууруулахад үндэслэж байгаа хоёр зүйл нь хоёулаа үүнд ямар ч нөлөөгүй. Нэг хүнд ногдох ДНБ өсөхөд ядуурал буурдаггүй гэдгийг өнгөрсөн 30 жил харуулсан. Хүний хөгжлийн индекс ядууралд огт хамаагүй. Бүр онигоотой нь 10 байраар ахиулна гэнэ.

Засгийн газрын ядуурлыг хоёр дахин бууруулна гэдэг амлалт ямар ч үндэслэлгүй, яаж хэрэгжүүлэх нь тодорхой байна.

Ядуурлыг хоёр дахин бууруулна гэдэг нь 457 мянган хүнийг ядуурлаас гаргана гэсэн үг.

Монгол Улс дэлхийн 100 ядуу орны 87-д байна. Энэ 100 орны тооноос гарах асуудлыг Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах ёстой.

Хамгийн чухал асуудал нь ядуурлыг бууруулах асуудлыг ямар яам хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Энэ удаад ч мөн тодорхой байна. Дэлхийн жишгээр Эдийн засгийн яам нь энэ асуудлыг хариуцдаг. Ядуурлын түвшинг хоёр жил тутамд тооцдог. Энэ дагуу 2026 онд ядуурлыг түвшинг тогтооно. Тэр үед ядуурал хоёр дахин буураагүй байх юм бол Засгийн газар болон Эдийн засаг, хөгжлийн сайдыг өөрчлөх асуудлыг ч тавих боломжтой гэж бид харж байгаа.

Эдийн засагт хамгийн чухал зүйл бол хөдөлмөрийн хөлсний хэмжээ. Гэтэл монголд хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ маш бага. Үүнийг сайжруулахын тулд Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг 1,000 ам.доллар болгох хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэлүүд бий. Монгол Улсын ДНБ-д цалингийн эзлэх жин 30 хувь хүрэхгүй байна. Дэлхийн жишгээр 60 хувьтай байдаг.

Тиймээс Засгийн газар хувийн хэвшил, Эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлтэй хамтраад цалин нэмэгдүүлэх талаар стратеги боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Энэ нь Засгийн газрын хамгийн чухал асуудал байх ёстой гэж бодож байна. Монголд цалин өсөхгүй байгаа нэг шалтгаан нь үйлдвэрчний эвлэлгүй, цалин нэмэгдүүлэхийн төлөө ажилладаггүй.

Эцэст нь зээлийн хүүг бууруулах шаардлагатай байна. Дэлхийн жишигт, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоочихдог. Зээлийн хүүг бууруулах тусгай хөтөлбөр шаардлагатай байна" гэлээ.