Уншиж байна ...

"БНСУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатарт суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын төвийн  гурван байршилд явган хүний гарц дээр газрын лед гэрлэн дохио суурилуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Албаны эх сурвалжуудаас тодруулснаар уг гурван гэрлэн дохиог БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар болон тус улсын Худалдан Авах Ажиллагааны Газар, "Сонг Пунг Суллед" ХК-ийн дэмжлэгээр хэрэгжүүлжээ. Солонгосын мэргэжилтнүүд өөрсдөө ирж, гэрлэн дохиог суурилуулж өгсөн байна. 

Газрын гэрлэн дохио нь хотын замын хөдөлгөөнд оролцож явахдаа гар утаснаасаа харцаа салгахаа больсон иргэдийн аюулгүй байдлыг хангахад зориулсан.

Түүнээс гадна хүмүүсийн ярьж байгааг сонсоход зам хөндлөн гарах үед босоо гэрлэн дохиог автобус хаагаад зогсчихвол харагддаггүй байна. Энэ тохиолдолд газрын гэрлэн дохионы улаан өнгө асчихсан байвал хүн урагшаа явдаггүй юм байна гээд тал, талын ашигтай.

Өвлийн улиралд утаанаас болж харагдах орчин мууддаг үед бага насны хүүхдүүд гарцан дээр аваар осолд өртдөг. Үүнийг бууруулахад чиглэсэн шинэ бөгөөд ухаалаг шийдэл болохыг онцлов.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын төсөл хариуцсан мэргэжилтэн "Явган замын босоо гэрлэн дохиотой шинээр суурилуулсан газрын лед гэрлэн дохиог холбосон. Өөрөөр хэлбэл босоо гэрлэн дохиотой адил өнгөөр асна.

Гарцаар гарах гэж байх үедээ утсаа оролдоод явж байгаа хүний аюулгүй байдлыг хангаж нүдэн дор нь гэрэл дохиог харагдахуйцаар суурилуулж өгсөн. Уг гэрлэн дохиог нийслэлийн өөр байршилд дахиж суурилуулахгүй, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн жишиг төсөл юм. Газрын лед гэрлэн дохиог суурилуулахад Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын инженер, техникийн ажилтнууд оролцсон" гэж тайлбарлалаа.

БНСУ-д уг гэрлэн дохиог суурилуулснаар 4-5 жилийн хугацаанд явган зорчигч осолд өртөх нь 30 гаруй хувиар буурсан судалгаа бий

Улаанбаатар хотод явган зорчигчийн аюулгүй байдалд чиглэсэн LED газрын гэрлэн дохио суурилуулах БНСУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй буцалтгүй тусламжийн туршилтын төслийн ерөнхий зохицуулагч Г.Ундрам "БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй туршилтын төсөл. Газрын ухаалаг гэрлэн дохиог ашиглалтад оруулснаас хойш зургаан сарын хугацаанд аваар ослыг бууруулж буй эсэх болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг судална. Газрын лед гэрлэн дохиог нийлүүлсэн БНСУ-ын "Сонг Пунг Суллед" ХК нь 2017 онд чанарын баталгааг эзэмшсэн, албан ёсны үйлдвэрлэгч юм.

Нийслэл хотод явган хүн их явдаг байршилд ухаалаг гэрлэн дохиог суурилуулах санал тавьж, Монголын талаас Нэгдүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад Хэргийн Яамны уулзварын байршлыг тодорхойлж өгсөн. Төслийг монгол талаас Нийслэлийн Замын Хөгжлийн Газар хариуцаж байна.

Газрын гэрлэн дохио нь хотын замын хөдөлгөөнд оролцож явахдаа гар утаснаасаа харцаа салгахаа больсон иргэдийн аюулгүй байдлыг хангахад зориулсан юм.

Түүнээс гадна хүмүүсийн ярьж байгааг сонсоход зам хөндлөн гарах үед босоо гэрлэн дохиог автобус хаагаад зогсчихвол харагддаггүй байна. Энэ тохиолдолд газрын гэрлэн дохионы улаан өнгө асчихсан байвал хүн урагшаа явдаггүй юм байна гээд тал, талын ашигтай.

Өвлийн улиралд утаанаас болж харагдах орчин мууддаг үед бага насны хүүхдүүд гарцан дээр аваар осолд өртдөг. Үүнийг бууруулахад чиглэсэн шийдэл юм. 

Газрын гэрлэн дохио нь -40 градусын хүйтэнд тэсвэртэй, хагарахгүй. Нэг тоннын даацтай учир скүүтэртэй хүн зорчиход эвдэрч, гэмтэхгүй. Нэг жилийн баталгаа өгч байгаа бөгөөд хэрэв гэрэл нь хагарчихвал Замын Хөгжлийн Газрын мэргэжилтнүүд засвар үйлчилгээг хариуцна. БНСУ-ын мэргэжилтнүүд гэрлэн дохиог суурилуулж байх хугацаандаа монгол талын мэргэжилтнүүдэд давхар сургалт зохион байгуулсан юм.

БНСУ-д уг гэрлэн дохиог суурилуулснаар 4-5 жилийн хугацаанд явган зорчигч осолд өртөх нь 30 гаруй хувиар буурсан судалгаа бий.

Уг төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газраас 100 сая воннын тусламж өгсөн бөгөөд энэ нь бүтээгдэхүүний төлбөр юм. Харин гэрлэн дохиог үйлдвэрлэгч компанийн зүгээс ажилчдын зардал, гаалийн татварт 400 сая воннын зардал гаргасан. Ингээд нийт 700 сая орчим төгрөг болсон" гэж ярилаа.

Түүний хэлснээр нийслэлийн дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтсээс уг гэрлэн дохиог авч, суурилуулах санал гаргажээ.