Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэр хороололд оршин суугчдын 60% нь хувиараа бизнес эрхлэгчид. Тэдэнд тохирох ногоон зээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Сургууль(МУИС)-д өнөөдөр Ногоон гэр хороолол хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр "Сэцэн Билгүүн" консалтингийн үүсгэн байгуулагч О.Лхагвасүрэн ногоон санхүүжилтийн талаар илтгэл танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ ногоон технологи, ногоон зээл нь хэрэглэгчид худалдан авах боломжтой байх нь хамгийн чухал гэдгийг тодотгосон юм.

Түүнээс гэр хорооллын иргэдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн гаргахдаа юуг анхаарах шаардлагатай гэж үзэж буйг нь тодруулахад "Ногоон хөрөнгө оруулалтыг татах механизмыг Монгол Улс дотооддоо бий болгох гэж хичээж байгаа ч маш удаан байна. Ногоон гэдэгт орон сууцнаас гадна сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент гээд олон асуудал бий.

Өнөөдрийн хэлэлцүүлэг эдгээрээс ногоон орон сууцыг голчилж байна. Ногоон орон сууцаар дамжуулж яаж яндангүйгээр Улаанбаатарт аж төрөх вэ тухай ярилаа. Хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдсэн цагт л энэ зорилго биелнэ. 

Хөрөнгийн санхүүжилтийн механизмыг бий болгодог дотоодын эрх зүйн орчин, дотоодын санхүүгийн байгууллагуудыг үүсгэн байгуулах шаардлагатай байгаа. Бидний хувьд Азийн Хөгжлийн Банк, Ногоон сангийн нэн хөнгөлөлттэй 30 жилийн хугацааны зээлээр Монголд эко хороолол, ногоон орон сууцны хөрөнгө оруулалтын сан байгуулах ажил дээр зөвлөхөөр ажиллаж байгаа. Санг Хөгжлийн Банкны дэргэдэх Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн дэргэд байгуулна. Бид сүүлийн таван жилийг энэ ажилд зарцууллаа. 

Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн шинэ төрлийн ипотекийн бүтээгдэхүүнийг яаж хөгжүүлэх вэ, дотоодын санхүүгийн байгууллагууд яаж оролцох вэ, эрсдэлээ яаж хуваах юм, зээлээ эргэн төлөх чадварт тохирсон ямар бүтээгдэхүүн байх вэ, нөгөө талд үүнийг барих барилгын компаниудад ямар санхүүжилт олгох вэ гэсэн эрэлт, нийлүүлэлт аль аль талыг бодолцох шаардлагатай.

Орон сууц хаана баригдаж байна гэхээр хоосон талбарт эсвэл төвийн худалдан авах чадвар харьцангуй сайтай хэсэгт л баригдаж байна. 

Утаанаас салъя гэвэл гэр хороолол чухал. Нэг хашаанд 2-5 айл амьдарч байгаа. Тэдний 60 хувь нь албан бус сектор буюу орлого нотлох боломжгүйгээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Тэдэнд тохирсон ямар шийдлийг гаргах вэ гэдгээ бодох ёстой юм. Ногоон санхүүжилт хийдэг олон улсын байгууллага их болсон байна. Тэдний хямд эх үүсвэрийг татах замаар ногоон шийдэл гаргах болов уу" хэмээв.