Flash, Мөнхийн реп, Noname, Татар, 4zug гэсэн таван хамтлаг дараа долоо хоногт "Big show" гэх тоглолт зохион байгуулах болсон талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тоглолтын маркетингийг хариуцаж буй компанийн захирал Я.Учрал "Есдүгээр сарын 20, 21-нд өвөрмөц хоёр шоу болох гэж байгаа. Таван хамтлагийн бүрэлдэхүүнтэй шоу нь энэ сарын 20-нд болно. Зарим хүн гурав дахь удаагаа давтлаа гэж ярьсан.
Гэвч бүрэлдэхүүний хувьд өөрчлөлт орсон. 4zug хамтлагийн хувьд тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ концертын хэмжээнд гараагүй удсан. Энэ хамтлагийг хүлээж буй сонсогч нар нь байгаа байх. Мөн Татар хамтлаг манай шоуны бүрэлдэхүүнд нэмэгдсэн.
Бидний хийх тоглолт Outlaw хамтлагтай давхацсан, нэгнийгээ өдөөн хатгаж байна гэх зүйл олон нийтийн цахим сүлжээнд тархсан. Гэхдээ үгүй. Хамтлаг дуучид маань хоорондоо эвтэй байгаа.
Жилийн өмнөөс тоглолтоо хийхээр товоо гаргаж, төлөвлөчихсөн зүйл гэдгийг хэлье. Тоглолтод зочин хамтлагууд ирнэ. Тасалбарыг shoppy.mn, ticket.mn дээр зарж байгаа.
Хамтлагууд байгуулагдаад 20 гаруй жил болсон хэдий ч насны хувьд хөгшрөөгүй. Тиймээс шинэ уран бүтээлээ цацахаар бэлдэж байна.
Тоглолтод ирэх боломжгүй, хөдөө орон нутаг, гадаадад буй хүмүүст зориулж шууд дамжуулалт хийнэ. Бидний тоглолт хийж буй зорилго бол дурсамж юм. Хайрладаг сонсогчдодоо зориулан энэхүү тоглолтыг хийж байна. Ямар нэгэн буруу санаа өвөртөлсөн зүйл байхгүй" гэв.
Үргэлжлүүлэн Flash хамтлагийн ахлагч Э.Нандин-Эрдэнэ "Манай хамтлагийн зүгээс "Big show" тоглолтод оролцож, өөрсдийн хит дуугаар есдүгээр сарын 20-нд сонсогчидтойгоо уулзах гэж буйдаа баяртай байгаа.
Хүмүүс Outlaw хамтлагтай давхацсан гэж их асуусан. Outlaw хамтлагийн тоглолтын тов гараагүй байсан. Гэтэл өнгөрсөн тоглолтын үеэр энэ сарын 20-нд тоглолтоо зохион байгуулна гэж шууд зарласан.
Бид өөр компанитай гэрээ хийчихсэн учраас тоглолтод нь оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Манайх маргааш Солонгос улс руу Outlaw хамтлагтай явж, тоглолт зохион байгуулах гэж байна.
Хамтлагууд өмнөх тоглолтоос маш их эрч хүч авсан учраас уран бүтээлээ хийж эхэлсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!