Уншиж байна ...

Австрали улс Азийн сантай "Эмэгтэйчүүдийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг Даван Туулах Чадавхыг Бэхжүүлэх" хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

А.Золжаргал, iKon.mn
2024 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад, шударга ёсыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх, ногоон санхүүжилтээс хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны сүлжээ, хөдөлгөөнийг бэхжүүлэхээр Австралийн Элчин сайдын яам Азийн сантай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Австралийн Засгийн газрыг төлөөлж Элчин сайд Эрхэмсэг хатагтай Кэйти Смит, Азийн Санг төлөөлж Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор нар баримт бичигт гарын үсэг зурав.

Австралийн Засгийн газраас 2.5 сая австрали долларыг “ Эмэгтэйчүүдийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг Даван Туулах Чадавхыг Бэхжүүлэх” төсөлд олгож байгаа бөгөөд энэхүү төсөл нь 2024 оны 8 дугаар сараас ирэх таван жилийн хугацаанд хэрэгжих юм.

Монгол улс уур амьсгалын өөрчлөлт ба уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшиг, тухайлбал зуд, ган гачиг, цас болон шороон шуурга, гэнэтийн үерт өртөмгий гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нэн эмзэг орнуудын нэг юм. Ялангуяа хөдөө орон нутагт ба Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд амьдарч байгаа эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүссэн шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн баталгаат бус байдал, эрүүл мэндийн эрсдэлийн нөлөөлөлд ихээр өртөж байна. Тиймээс энэхүү төсөл Азийн сангийн “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-тэй хамтран уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн шилжилт хөдөлгөөний бэрхшээлийг шийдвэрлэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд нүүрстөрөгчийн кредитийн арилжаанаас нэмэлт орлого олгох  механизмыг үргэлжлүүлэх, өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах аливаа арга хэмжээ, тогтвортой ногоон санхүүжилтэд эмэгтэйчүүдийн дуу хоолой, манлайллыг нэмэгдүүлэхэд анхаарна.

Эрхэмсэг хатагтай Элчин сайд Кэйти Смит “Австрали улс түнш орнуудынхаа тогтвортой хөгжлийг дэмжихээр Азийн сантай олон жил хамтран ажилласан туршлагатай. Монгол улсад КОВИД-19 цар тахлын үеэр эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхээр амжилттай хамтран ажилласан. Уг төслөөр дамжуулан Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн нөлөөллийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хүчин зүтгэл манлайллыг дэмжихээр үйлсээ нэгтгэж байгаадаа баяртай байна” гэж хэллээ.

Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Сара Тэйлор хэлэхдээ “Бид эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн дэмжиж буй Австрали Улсад талархлаа илэрхийлж байна. Өнгөрсөн жилүүдэд, КОВИД-19 цар тахлын үеэр эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, Монгол Улсад ил тод байдлыг өргөжүүлэхэд залуучуудын дуу хоолойг ардчиллын хүрээнд нэмэгдүүлэх зорилгоор бид хамтран ажиллаж байсан билээ. Энэхүү шинэ төслийн хүрээнд Азийн сангийн “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, мөн Азийн сангийн “Нүүрснээс Нарны Эрчим Хүч” хэмээх 2 жил хэрэгжүүлсэн туршилтын хөтөлбөрийг уялдуулан өргөжүүлж байна. Бид төслийн хүрээнд, дотоодын хамтрагч байгууллагуудын түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүд, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд анхааран ажиллах болно.”

зураг
 
Шинэ төслийн нээлтийн хүрээнд Австралийн жендэрийн эрх тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд хатагтай Стефани Копус Кэмпбелл Улаанбаатар хотын Баянхошуунд Азийн сангийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн төвд айлчилж, эмэгтэй бизнес эрхлэгч нартай уулзан Азийн сангийн нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжих зорилгын хүрээнд нүүрстөрөгчийн кредитийн арилжааг амжилттай туршсан төслийг хэрэгжүүлж байгаа айлаар зочилсон юм.

Энэхүү айлчлалын үеэр Азийн сангаас туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа өрх  толгойлсон хатагтай Даваажаргал болон түүний гэр бүлд төслийн үеэр хэрэглэсэн нарны эрчим хүчний хавтанг өөрийн эзэмшилд цаашид ашиглах боломжийг бүрдүүлэхээр хандивлажээ. Туршилтын төслийн хүрээнд Даваажаргалын гэрт нарны эрчим хүчний хавтан суурилуулж, өвлийн улиралд нүүрс шатаах хэрэгцээг бүрэн бууруулан, нүүрстөрөгчийн кредитийн арилжаанаас тодорхой орлого бий болгох, дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, ая тухтай амьдрах нөхцөлийг хангаж байна.

Элчин сайд Копус Кэмпбелл хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч байгаа нөлөөлөлд дасан зохицож байгаа монгол эмэгтэйчүүдийн тэсвэр хатуужил үнэхээр урам өгч байна. Эмэгтэйчүүд уур амьсгалд ээлтэй ирээдүй бий болгоход болон эдийн засагт хувь нэмрээ оруулах тэгш боломжийг бүрдүүлэх нь нэн чухал. Энэхүү шинэ төсөл уур амьсгалын шийдлүүдийг гаргахад эмэгтэйчүүдийг оролцуулахаар анхаарч байгаад баяртай байна.  Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад нийт хүн амын 100 хувийг дайчилж, оюуны ба амьдралын туршлагыг ашиглахаас өөр зам байхгүй” гэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Хэрэв бид эмэгтэйчүүдэд ур чадвар, мэдлэг, туршлагаа хуваалцах арга замыг нээгээд өгөх юм бол энэ бүх боломж тэдэнд байна. Уур амьсгалын шийдлийг гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог хангаж байгаа шинэ төсөлд сэтгэл ханамжтай байна.” гэж хэлэв.