Уншиж байна ...

18 нас хүрсэн иргэнд тусгай сургалтад хамрагдсаны үндсэн дээр цахилгаан дугуй, суррон жолоодох эрх олгох санал гаргажээ

Б.Манлай
2024 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХЭҮК-оос хүүхдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор цахилгаан скүүтэр болон цахилгаан дугуй (суррон)-тай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, энэ төрлийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг сайжруулах, техникийн үзүүлэлт, ангиллын стандартыг боловсруулж тодорхой болгох, жолоодох насны хязгаар тогтоох эсэх, хариуцлага, даатгалын асуудлыг шийдвэрлэх , авто замын чанар, зориулалт олон улсын стандартад нийцэж буй эсэх, механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх курсийн сургалтын чанар, төгсөгчдийн ур чадвар, мэдлэг, хариуцлагыг дээшлүүлэх шаардлага зэрэг асуудлаар эрх бүхий төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай санал солилцох дугуй ширээний уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалтад оролцогчид цахилгаан дугуй, суррон, дугуйн замыг явган хүний замаас тусгаарлах, энэ төрлийн тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн иргэнд тусгай сургалтад хамрагдсаны үндсэн дээр жолоодох эрх олгох, даатгалын тогтолцоог сайжруулах, тээврийн хэрэгсэлд зорчиж буй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс зориулалтын суудалт, хамгаалах бүс тогтол зүүлгэж хэвших, зам тээврийн ослоос улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлт нөхцөл үүссэн эсэхэд тогтмол судалгаа хийж хариу арга хэмжээ авч байх, хориглосон бүс, хязгаарласан цагт хийн болон дуут дохио ашигласнаас үүдэж иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд учирсан хохирлыг тооцдог байх зэрэг санал гаргасан байна.

Саналыг нэгтгэж, зөвлөмж боловсруулан эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр болжээ. Хэлэлцүүлгийн хоёрдугаар уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн салбар, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулах аж.

ХЭҮК-т холбогдох албанаас ирүүлсэн тоон мэдээллээр сүүлийн 4 жилийн хугацаанд 5,546 хүн гэмтэж бэртсэнээс 1,040 нь 18 наснаас доош насны хүүхэд байна. Үүнээс 650 хүүхэд өөрөө унаж гэмтэж, бэртсэн үзүүлэлттэй байгаа нь жолоодох ур чадвар, замын нөхцөл, чанартай холбоотой гэж үзэхээр байна.

Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтэр болон сурронтой холбоотой зам тээврийн ослын тоо тогтмол өсжээ. Тухайлбал 2021 онд 210 хүүхэд, 2022 онд 232, 2023 онд 317 хүүхэд гэмтсэн бол 2024 оны долдугаар сарын 31-ний байдлаар 281 хүүхэд ямар нэг гэмтэл бэртэл авсан гэх тоон баримтыг ГССҮТ-өөс гаргасан байна.

 

Эх сурвалж: ХЭҮК