Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Netflix”, “HBO”, “Warner Bros” зэрэг томоохон кино компанийн продюсерууд Монголд ирнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн урилгаар есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсер болон удирдлагууд Их Британи, АНУ, БНСУ зэрэг орнуудаас Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болов.

Тухайлбал, “Wonder Women 1984”, “Greenland”, “Hangover”, “Sweet home”, “All of us are dead” зэрэг алдартай киноны продюсерууд ирэх бөгөөд эдгээр уран бүтээлчид нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын сайд Ч.Номин, Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй "Fam-Tour" арга хэмжээнд оролцох юм.

Монгол Улсад ирэх уран бүтээлчид нь Монголын шилдэг кино бүтээгчид, найруулагч, продюсеруудтэй хамтарсан уран бүтээл хийх тухай санал солилцох, уран бүтээлчдийг дэмжих уулзалтад оролцохоос гадна Монголын кино уран бүтээлчдийн хийсэн павильон, студи, зураг авалтын талбай, продакшнаар зочилно.

Мөн Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр улс орнууд, дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон юм. Тиймээс арга хэмжээний үеэр Монгол Улсын зарласан урамшууллын талаарх мэдээллийг танилцуулах, Монголын кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг олон улсад сурталчлах,  Монгол орны  үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзүүлэх зэрэг ажлыг Соёлын яам, Кино урлагийг дэмжих зөвлөл хамтран төлөвлөж байна.

 

Эх сурвалж: Соёлын яам