АНУ-ын иргэний агаарын тээврийн American Airlines компани Boom Supersonic компаниас 20 ширхэг дуунаас хурдан нисэх онгоц захиалж байгаагаа өчигдөр зарлажээ.
Нэмэлтээр 40 нисэх онгоц авах нөхцөлийг гэрээндээ тусгасан байна.
Эхний 20 онгоцны урьдчилгаа төлбөрийг буцаах боломжгүйгээр гэрээг байгуулжээ. Boom Supersonic нь Колорадо мужид төвлөрдөг стартап компани юм. Тус компани дуунаас хурдан нисэх онгоцыг агаарын тээвэрт нэвтрүүлэх зорилготой ч одоогоор нэг ч бүтээгдэхүүн гаргаагүй байгаа.
Тиймээс төслийн явц, аюулгүй байдлын үзүүлэлтээс хамаарч American Airlines дараагийн 40 онгоцоо захиалах эсэхийг шийдэх юм байна.
Өмнө нь Америкийн өөр нэг агаарын тээврийн компани United Airlines тус компаниас 35-ыг нэмж захиалах нөхцөлтэйгөөр 15 нисэх онгоц захиалсан юм.
2000-аад оны эхээр Concorde компани бизнесээ зогсоосноор дууны хурдаар зорчигч тээвэрлэх санаа замхраад байв. Харин энэ санааг сэргээн хэрэгжүүлэх нь Boom Supersonic-ийн зорилго юм.
Тиймээс Америкийн хоёр томоохон компани дуунаас хурдан нисэх онгоц агаарын тээврийн салбарт эргэж ирнэ гэдэг дээр эрсдэлтэй бооцоо тавьж байна.
Тус компани 2025 онд Overture нэртэй анхны онгоцоо үйлдвэрээс гаргаж, 2026 онд туршилтаар нисгэх төлөвлөгөөтэй байна. Хэрвээ шаардлага хангавал 2029 оноос зорчигч тээвэрлэж эхлэх юм.
Хэрвээ төсөл амжилттай хэрэгжвэл Нью-Йорк болон Лондон хотын хооронд (одоо 7 цаг зарцуулдаг) 3.5 цагийн хугацаанд нисдэг болох гэнэ. Нэгж суудлын тасалбар $5,000 орчим байх тооцоог Boom Supersonic гаргажээ.
Тус компани Rolls Royce компани болон АНУ-ын агаарын зэвсэгт хүчинтэй гэрээ, санамж бичиг байгуулаад байгаа. Бас Virgin Group-ээс $270 саяын санхүүжилт авчээ.
Долдугаар сард Boom Supersonic компани Overture нисэх онгоцныхоо дизайныг шинэчилсэн юм. Энэ онгоц 62 метр урт биетэй байх бөгөөд 18,000 метрийн өндөрт Mach 1.7 хурдаар (дууны агаарт тархах хурднаас 1.7 дахин өндөр хурдтай) нисдэг байх ажээ.
Эх сурвалж: The Verge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!