Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Япон хоёр улсын бүжгийн "Сүүн зам" наадам энэ сарын 22-нд төв талбайд болно

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол, Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан "Сүүн зам" наадмыг зохион байгуулахаар болжээ. 

Нийслэлийн төв талбайд наймдугаар сарын 22-нд болох уг наадмын үеэр 40 гаруй асар засаж, япон хоолны өдөрлөг, хоёр улсын гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бие хамгаалах урлагийн үзүүлбэр зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулах юм байна. Арга хэмжээ 09:00-23:00 хүртэл үргэлжлэхийг зохион байгуулагчид нь хэлэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус наадмын зохион байгуулагч Д.Болор-Эрдэнэ "Энэ жил Монгол болон Япон улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ болж буйн нэг нь хоёр улсын бүжгийн наадам бөгөөд анх удаа зохион байгуулах гэж байна.

Үүнийг санаачлагч, ивээн тэтгэгч нь Япон улсын Токүшима мужийн өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ. Энэ хүний санаачилгаар "Сүүн зам" хэмээх бүжгийн урлагийн наадмыг "Хүн" гэр театр, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна. 

Наадамд Япон улсаас 170 зочин ирнэ. Тэдний 40 орчим нь хотын захирагч, парламентын гишүүн зэрэг албан тушаалтан байх юм. Түүнчлэн Японы дөрвөн хотоос нэгдсэн 70 гаруй бүжигчин ирнэ. Харин Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын нийт 460 гаруй хүн оролцоно" гэлээ.

"Бүжгийн урлагаар дамжуулан хувцасны соёл, хөгжмийн гайхамшиг, яруу тансаг хөдөлгөөнийг харуулахыг зорьж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д.Баярбаатар "Монгол болон Япон улс нь бүжгийн гайхамшигт соёлтой ард түмэн. Хоёр улсын найрамдалт харилцааг бүжгийн гайхамшгаар илтгэн харуулахыг зорьж байна. Наадамд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар театр, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль болон "Хүн" театр зэрэг олон байгууллагын уран бүтээлчид оролцох юм.

Бид хамтдаа бүжгийн урлагаар дамжуулан хувцасны соёл, хөгжмийн гайхамшиг, бүжгийн яруу тансаг хөдөлгөөнийг харуулахыг зорьж байна" гэж хэллээ. 

"Сүүн зам" наадмыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.