Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэрэг хаагдахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад буй.
Тодруулбал, тэрбээр охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэх хэрэгт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн нэр холбогдоод байгаа юм.
Уг хэрэг одоогоор ямар шатандаа явж байгаа талаар Прокурорын байгууллагаас тодруулахад "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэрэг прокурорт шилжиж ирээгүй. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа мөрдөх байгууллагад үргэлжилж байгаа" гэдгийг хэллээ.
Ташрамд дурдахад, аливаа хэргийн мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч явуулж дууссан бол холбогдох саналыг хавтаст хэргийг хяналт тавьж буй прокурорын газарт шилжүүлдэг хуулийн зохицуулалттай.
Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сард иргэн Б.Сүндэръяа болон нэр бүхий эмэгтэйчүүд Ц.Анандбазарт бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа дэлгэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Түүний нэр холбогдсон уг хэрэг ямар нэг шийдвэргүй жил гаруйн хугацааг үдээд байна.
Ц.Анандбазарыг анх олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээллийг иргэн Б.Сүндэръяа нийгэмд цацагдсанаас хойш Ц.Анандбазарт намаас нь хариуцлага тооцсон. Тодруулбал, сүүлд МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцсоноор түүнийг намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!