Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл" нэвтрүүлэгтэй холбоотой хэргийг шалгаж буй хүмүүсийг АТГ-аас шалгаж өгнө үү"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарын бэлтгэсэн “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард цацагдаж, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж эхэлсэн талаар мэдээлж билээ. 

Тэгвэл уг хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөл үүссэн байж болзошгүй хэмээн үзэж буйгаа сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар мэдэгдлээ. 

Энэ талаар сэтгүүлч Ц.Анхзул “Нэвтрүүлэг гарсан өдрийн маргаашаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг шалгаж эхэлсэн. Нэвтрүүлэгт зургаан хохирогч болон тэдний хохирсон үйл явдлыг ярих гурван гэрч гээд нийт есөн хүн оролцож, ярьсан байдаг. Хохирогчид нь, хохирсныг нотлох гэрчүүд нь тодорхой байхад цагдаагийн байгууллагаас 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргачихаад өнөөдрийг хүртэл хэргийг шалгаж дуусаагүй байна. Шалгалтын ажил ингэж удааширч байгаа нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын болон ямар нэгэн нөлөөнд автсан байж болзошгүй гэж үзэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны хуулийн хугацаа дуусчихсан тул энэ хэргийг шалгаж буй мөрдөгчдөд АТГ-аас албаны шалгалт оруулж өгөөч хэмээн өнөөдөр АТГ-т хандаж байна.

Хоёрдугаарт, зургаан хохирогч эмэгтэйд асуудлууд үүсэж эхэлсэн. Тухайлбал, Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлд өртсөн, нэвтрүүлэгт хохирсноо ярьсан нэг хохирогч эмэгтэй амиа хорлохыг завдсан үйлдэл гаргасан байна. Энэ хэргийг шалгахгүй сууж байх хооронд хэн нэг хохирогч үхэх ёстой юу гэж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхнаас асууя. Хохирогч, гэрч, баримт гээд бүгд байхад яагаад шалгалтын ажил удаад байгаа юм. Нэг хохирогч өргөдлөө татъя гээд хоёр удаа прокурорын байгууллагад хандсан байсан. Хүчирхийлэлд өртсөн нь үнэн ч гэлээ шалгуулмааргүй байна гэж өргөдөл гаргасан юм билээ. Хүнийг ийм болтол цагдаа, прокурорын ажил удаан явж байгаа хэрэг. Иймд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгаж өгөөч гэж АТГ-т хандаж байна. Энэ асуудлыг шийдэж чадвал нийгэмд жишиг болно" гэв.

"Нэвтрүүлгийн эхний дугаар гарсны маргааш нь ойрын хүрээллийн хүнээр дамжуулан “тохиролцъё, тоогоо хэл” гэдэг саналыг Ц.Анандбазар тавьсан"

Сэтгүүлч Будрагчаа "Бид хоёр нэвтрүүлэгт орсон хохирогчдын нэр, царайг нууж, танигдахааргүй байдлаар ярилцлага авсан. Ийм байхад эхний дугаар гарсны дараахан Ц.Анандбазар гишүүн бүгдийг нь хайж олоод гэр бүл, ах дүүсээр нь дарамталчихсан байсан. Энэ хэргийг удаашруулж байна гэх үндэслэл бий учраас нэр бүхий шалгаж байгаа ажлын хэсэг, удирдлагуудыг  нөлөөлөлд орсон эсэхийг нь шалгаж өгөх тухай мэдэгдэл бичгийг АТГ-т өнөөдөр өгч байгаа юм. 

Мөн нэвтрүүлгийн эхний дугаар гарсны маргааш нь миний ойрын хүрээллийн хүнээр дамжуулаад “тохиролцъё, тоогоо хэл” гэдэг саналыг Ц.Анандбазар тавьж байна гэж хэлж байсан.

Тухайн саналыг анхнаасаа бид хоёр зөвшөөрөөгүй. Өнөөдөр Монголд бэлгийн дарамт, ажлын байрны бэлгийн хүчирхийлэл гэх зүйл хязгаартаа тулчихсан байна” гэв.