Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх асуудлыг шалгана"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Прокурорын байгууллагаас иргэн Б.Сүндэръяагаас гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох асуудлыг шалгаж эхэлсэн эсэх талаар тодрууллаа.

Нийслэлийн прокурорын газраас "Иргэн Б.Сүндэръяагаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Уг гомдлыг тус албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс  шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа дуусаагүй байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас Б.Сүндэръяа нь нэр хүндэд халдаж байна гэсэн гомдлыг бас гаргасан. Цагдаагийн байгууллагаас эдгээр гомдлуудыг нэгтгэн шалгаж байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор уг хуулийн хугацаа дуусаагүй байна. 
              
Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх ярилцлага, нэвтрүүлэг гарсан. Энэ мэдээллийг мөн адил хуулийн дагуу шалгах болно" гэв.