Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Алс Дорнодод ирэх сарын сүүлээр цэргийн томоохон сургуулилалт зохион байгуулах болсноо ОХУ зарлав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын батлан хамгаалах яам наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны хооронд “Восток” стратегийн цэргийн сургуулилалтыг зохион байгуулах болсноо зарлажээ.

Сургуулилалт тус улсын дорнод цэргийн тойрогт явагдах юм байна. Хабаровск хотод төвтэй энэ тойрогт Хятад улстай хил залгаа Сибирийн зүүн хэсэг, Алс Дорнодын нутаг дэвсгэр багтдаг.

Энэ удаагийн “Восток” сургуулилалтад гадаадын цэргийн анги нэгтгэлүүд оролцох тухай мэдээлсэн ч тодорхой улсын нэр дурдаагүй байна.

Өнгөрсөн онд ОХУ, Беларусийн нутаг дэвсгэрт болсон цэргийн сургуулилалтуудад Армени, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Монгол улсын цэргийн ангиуд оролцож байжээ.

Уг ажиллагаа нь Украины дайны үед ч Орос улс батлан хамгаалах салбарын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх чадвартайг харуулах зорилготой бололтой.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдэгдэлд “сургуулилалтын цар хүрээ, багтаамжид Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа нөлөөлөхгүй” гэж онцолсноос энэ санаа харагдаж байна.

“ОХУ-ын зэвсэгт хүчний зөвхөн нэг хэсэг цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа бөгөөд энэ хэсгийн тоо хэмжээ дээд командлагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд бүрэн хангалттай юм” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд армийн хүн хүч хүрэлцэхгүй болсноос бүх нийтийн цэрэг татлага явуулах болсон тухай худал мэдээ цацаж байгааг яамны мэдэгдэлд бас шүүмжилсэн байна.

 

Эх сурвалж: Aljazeera