Эрээн-Замын-Үүд өртөөгөөр орж ирэх импортын ачааг наадмын өдрүүдэд түр багасгах асуудлаар Замын-Үүд өртөөний дарга БНХАУ-ын Эрээн өртөөний удирдлагад хандаж бичсэн албан бичиг сошиал сүлжээнд тавигдсаныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж үзэл бодлоо илэрхийлж байна.
Уг асуудлыг Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатараас утсаар тодруулж асуухад дараах хариултыг өглөө.
- Юуны өмнө миний бичсэн албан бичгийг буруугаар тайлбарлаж байгааг би анх хараад их гайхсан. Уг нь хилийн хоёр өртөөд тээвэр зохион байгуулалтын ажлаа харилцан уялдаатай хамтарч зохион байгуулахад ашигладаг технологит ажиллагааны тухай л албан бичиг. Ер нь манай хоёр улсын хилийн өртөөд тээврийн ажлаа хоорондоо маш сайн ярьж, харилцан уялдаатай зохион байгуулдаг онцлогтой.
Албан бичигт дурдсан крити буюу битүү вагоны тээвэрлэлтийг тодорхой хугацаанд, өөрөөр хэлбэл наадмын амралтын өдрүүдээр 7 хоног хязгаарлах гэсэн нь дараах шалтгаантай.
Өмнө нь манай өртөө 7 хоногийн хугацаанд 359 крити буюу битүү вагон Эрээн өртөөнөөс хүлээн авдаг байсан. Үүнийг наадмын өдрүүдээр тодорхой хэмжээгээр хязгаарлаж, 7 дугаар сарын 11-нээс 18-ны хооронд 7 хоногийн хугацаанд 180 крити болгож багасгасан. Энэ арга хэмжээг зайлшгүй авахаас өөр арга зам байгаагүй. Хэрэв энэ арга хэмжээг аваагүй байсан бол Замын-Үүд өртөөний замууд дүүрч, хүлээн авах явуулах замгүй болж хоёр улсын хооронд галт тэрэг солилцоо тасрах маш том эрсдэл үүсэх байсан. Ийм эрсдэл жинхэнээсээ үүсвэл эдийн засгийн байдал хүндэрч юу болохыг эрхбиш та бүхэн төсөөлж байгаа байх. 2-рт энэ арга хэмжээг авах болсон бас шалтгаан нь баяр наадмын өдрүүдээр Улаанбаатар өртөөнд мөн Улаанбаатар шилжүүлэн ачих ангийн хашаа салбар замуудад 113 крити вагон ачаагаа буулгаж чадалгүй удаан хугацаагаар зогсоход хүрсэн. Учир нь ачаа хүлээн авагч нар нь утсаа авахгүй, мессэж бичээд ч хариу өгөхгүй бүгд наадмаар амраад явчихсан.
Бас баяр наадмын үеэр ч, жирийн үед ч УБТЗ 24 цагаар ажилладгийг тодруулж хэлэх нь зөв байх. Ингэж ажиллаж байж эдийн засгаа тэтгэж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангадаг, хатуу сахилга бат өндөртэй байгууллага. Түүнээс зарим хүмүүсийн бичээд байгаа шиг наадмаар амрахын тулд ачаагаа багасгасан гэдэг бол үндэслэлгүй худал гүтгэлэг. Тэр тусмаа говийн аагим халуунд хөлсөө дуслуулан байж улс эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа төмөр замчдыг ингэж хэлж болохгүй. Эцэст нь хэлэхэд УБТЗ ХНН-ийн хүчин чадал, хүлээн авах багтаамж боломж нь бас хязгаартай шүү дээ. Сав дүүрээд байдаг, савнаасаа илүүг авч болохгүй шүү дээ. Иймд тээврийн ажлыг тасралтгүй зөв зохион байгуулах үүрэгтэй манай хамт олон энэ албан тоотоор ажлын ачааллаа зөв хуваарилж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэж л ийм арга хэмжээ авсан гэдгийг зөв ойлгоосой гэж хүсэж байна.
Б.Мөрөн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!