Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батнайрамдал: Он дуустал АИ-92 шатахуун нэг литр нь 2,390 төгрөгийн үнэтэй байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс Газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-ын Роснефть компанитай 2018 оны тавдугаар сард байгуулсан “Урт хугацааны гэрээ”-ний дагуу худалдан авдаг.

Тэгвэл Роснефть компани нь АИ-92 бензиний үнэ дээр 4-6 саруудад 24.3-30%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байсан бол долдугаар сард хийсэн хэлцлийн үр дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3%-ийн хөнгөлөлтийг үзүүлэх болоод буй. 

Иймд шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд сэтгүүлчидтэй уулзлаа. 

Уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Монгол Улсын Засгийн газар "Роснефьт" компанитай сүүлийн дөрвөн сарын турш хэлэлцээр хийж, бодит үр дүнгүүд гарч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шат дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд 4-6 саруудад нэг литр АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг 2,390 төгрөг дээр тогтворжуулж, 4-6 саруудад зах зээлийн зарагдах үнээс нэг литр тутамдаа 781-1,103 төгрөг буюу нийт 36 сая ам.долларын бодит хэмнэлтийг бий болгосон.

Харин долдугаар сард тогтсон АИ-92 бензиний зах зээлийн үнэ нь 1,285$ болж өмнөх сараас дахин 85$-оор өсөж, нэг литрийн жижиглэнгийн үнэ нь 3,730₮ болж өсөх нөхцөл бүрдсэн. Энэ нөхцөл байдалд Засгийн газрын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дөрөвдүгээр сараас тогтоосон 2,390 төгрөгийн үнийг он дуустал үргэлжлүүлэх боломж бүрдээд байна. Ингэснээр иргэд АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг нэг литр тутамд 1,340 төгрөгийн хэмнэлттэй худалдан авах боломжтой боллоо. Дэлхийн зах зээл дээр 2022 он гарснаас хойш АИ-92 бензиний хувьд хил үнэ тонн нь 747-оос 1,285$ болж 72% өссөн бол манай улсын хувьд 6%-ийн өсөлттэй байна. Энэ нь сүүлийн 30 жил хийгдэж байгаагүй том гэрээг амжилттай хийсэн гэсэн үг" гэлээ.

"Энэ жилийг дуустал дизель түлшийг сар бүр гэрээний дагуух үнээс таван хувийн хямдралтай авахаар болсон"

Үргэлжлүүлэн "Дизель түлшийг таван хувийн хөнгөлөлттэй авахаар болсон. Өөрөөр хэлбэл энэ жилийг дуустал сар бүр гэрээний дагуух үнээс таван хувийн хямдралыг авах боломжтой болсон.Дизель түлшний хувьд томоохон хэрэглэгчид нь уул уурхайн, дэд бүтцийн томоохон компаниуд байдаг. Тэгэхээр Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор томоохон аж ахуйн нэгжүүдийн хэрэглэдэг шатахууныг зөвхөн Замын-Үүд эсвэл ОХУ-аас хамааралтай байхгүй байх боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл, цаашид уул уурхайн томоохон компаниуд Гашуун сухайт, Шивээхүрэн боомтоор шаардлагатай дизель түлшээ авах боломж нээгдэж байна. Мөн Монголын газрын том боловсруулах үйлдвэр 2025 онд бүрэн ашиглалтад орно гэж төлөвлөн ажиллаж байна" хэмээн тодруулж хэлэв.

Дизель түлшний хувьд “Урт хугацааны гэрээ”-гээр Монгол Улсын худалдан авах Газрын тосны бүтээгдэхүүний тухайн сарын үнийг тогтоохдоо Сингапур дахь олон улсын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний Платц (Platts) биржийн өмнөх сарын 1-нээс 25-ний хооронд тогтсон өдөр бүрийн арилжааны дундаж үнийг суурь болгож авдаг.

Дизель түлшний үнэ нь 2018 оноос зах зээлийн зарчмаар зохицуулагдаж ирсэн. Оны эхэнд дизель түлшний зах зээлийн үнэ 705$ байсан бол 1,295$ болж 83.7% өссөн бол дотоодын зах зээл дээрх жижиглэнгийн үнэ 2,840-4,030 төгрөг болж 41.9% өсөлттэй буюу хоёр дахин бага өсөлттэй байгааг онцлов.

""Роснефьт" компанид дизель түлшний үнийг бууруулах саналыг тавьсан боловч ОХУ дотоодын хэрэглээгээ хамгаалах зорилгоор боломжгүй гэдгээ илэрхийлсэн" 

УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр "Нийт дизель түлшний импортын 70%-ийг бөөний худалдан авагчид буюу уул уурхай, зам барилгын компаниуд хэрэглэдэг. АИ-92 бензиний үндсэн хэрэглэгчид нь ард иргэд байдаг.

ОХУ-ын "Роснефьт" компанитай хэлцэл хийх явцад дизель түлшний үнийг бууруулах талаар саналыг тавьсан боловч ОХУ дотоодын хэрэглээгээ хамгаалах зорилгоор дотоодод борлуулж буй ААН-үүдэд тодорхой хэмжээний урамшууллыг олгодог юм байна. Иймд үнийг бууруулах боломжгүй гэдгээ илэрхийлсэн" гэв.