Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Уран зохиолын шилдэг бүтээлийг төр, засгаас бодлогоор дэмждэг, урамшуулдаг болоход анхаарах цаг болсон

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохиолчдын нэгдсэн чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганаар “Уран зохиол- нийгмийн оюун санааны дархлаа”, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах үүрэг, оролцоо”, “Хүүхэд багачуудыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд зохиолчдын үүрэг” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэж буй юм. 

Мөн салбар хуралдаануудаар яруу найраг, хүүрнэл зохиол, судлал шүүмж, тайз, дэлгэцийн зохиол, хүүхдийн ба орчуулгын уран зохиолын өнөө, ирээдүй, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэх юм.

Нэгдсэн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.

зураг
 

Тэрбээр тусгаар тогтнолыг бататгах, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл, боловсролыг түгээх эрхэм үйлсэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

Мөн ард түмний эв нэгдлийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг нь байх үүрэг, хариуцлагаа ухамсарлан Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, 30 гаруй жилийн дараа Монголын зохиолчдын эвлэлдээ эргэж нэгдсэнд талархал илэрхийлэв.

Цаашид уран зохиолын шилдэг бүтээл, туурвилыг төр, засгаас бодлогоор дэмждэг, урамшуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тогтолцоотой болоход анхаарах цаг болсныг хэллээ.

Хүүхдийн зохиолч, утга зохиол судлалын амин сүнс болсон судлаач шүүмжлэгч, мэргэшсэн орчуулагч зэрэг салбарын боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатайг тэмдэглэв. Шилдэг бүтээлүүдийг бусад монгол угсаатнуудын хүртээл болгох, орчуулж түгээх, дэлхийн шилдэг зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэх зэргийг эрчимжүүлэх нь  зүйтэй гэж үздэгээ хэлэв.

зураг
 

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар