Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв болон зүүн аймгуудын зарим газраар аадар бороо орж, гол мөрний усны түвшин нэмэгдэнэ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул  үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Зургаадугаар сарын 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 30-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Маргаашаас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 

Гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж яваа хүмүүс үерийн аюулаас сэрэмжилнэ үү

Зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Урдтамир, Хөгшин Орхон, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол Лүн сум орчимд болон зүүн хажуугийн Хэрлэн гол Өндөрхаан, Чойбалсан хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-50, Хэрлэн, Улз, Халх гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 27-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн түвшинг 15 см даван үерлэнэ. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ