Барилгын крантай холбоотой асуудлаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/-аас мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү "Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Номин Реалтор ХХК-ийн захиалгат барилгын талбайд гурван өргөх төхөөрөмж байрлан ажиллаж байсан бөгөөд бүгд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн.
Үүний хоёр нь авто кран нэг нь цамхагт кран байсан. Цамхагт краны хувьд тухайн үед ажил гүйцэтгээгүй бөгөөд 70 метрийн урттай, 4 тонн даацтай байсан.
Харин осол гаргасан буюу унасан авто краны тухайд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай байсан бөгөөд кран дээрээс унасны улмаас хоёр хүн амиа алдсан. Мөн тухайн ослын үед нэг хүн өндрөөс унаж гэмтсэн.
Тус хашаанд ажиллаж байсан өөр нэг авто кран нь 25 тонныг даацтай байсан юм.
Уг нь барилгын краныг байрлуулахдаа зам талбайг нь бэлдэж тэгшлэн, тэгш гадаргуу дээр байрлуулсан байх ёстой байдаг. Гэвч тухайн барилгыг барих явцдаа краныг тэгш бус гадаргуу дээр байрлуулан ажиллуулж байх явцад осол гарсан байна.
Ер нь краныг байрлуулах ажил нь тухайн барилгыг захиалагч болон гүйцэтгэгч компанийн хариуцах ёстой үйл ажиллагаа. Гэхдээ тухайн газар кран, өргөн төхөөрөмжөө байрлуулж буй хувь хүн, ААН ч гэсэн тэгш гадаргуу дээр аюулгүй байрлуулах шаардлагыг тавих ёстой” гэлээ.
Мөн тус ослын улмаас хүний амь эрсэдсэн учраас Эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Урьдчилсан байдлаар тус барилгын ажил зургаадугаар сараас эхэлсэн гэх мэдээлэл бий гэдгийг албаныхан хэлж байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!