Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Монголын эрчүүд түүхтэй бол түүхтэй, зоригтой бол зоригтой, ухаантай бол ухаантай

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

- Эмэгтэй хүний эрхэнд халдахыг бидний өвөг дээдэс цээрлэдэг байсан -

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт баасан гарагт Иргэний танхимд болсон юм. Энэ уулзалт дээр Ерөнхийлөгч нилээд урт үг хэлсэн. Эндээс эрчүүддээ хандаж уриалсан хэсгийг нь онцлон хүргэж байна.

Өнөөдөр хүн амины хэргээр хоригдож буй эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь байнгын дарамт, гэр бүлийн таагүй харилцаанаас болж, нөхрөө хөнөөсөн байгаа юм.

Манай улсад 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгдсэн. Нэг хүний цаана наад зах нь 10 нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүн байна гэж тооцох юм бол энэ тоо 23 мянга болж байгаа юм.

Эмэгтэй хүний эрхэнд халдахыг бидний өвөг дээдэс цээрлэдэг байсан. Охин, ээж, ханиа эрднийн дээд эрдэнэ гэж хүндэлдэг байсан. Бүр саяхан социализмын үед хүртэл хүчингийн хэргийг хамгийн адгийн хэрэгт оруулж тооцдог байсан. “Улаан махны хэрэг” гэж үүнийг жигшин үздэг байсан. Ийм хэрэг хийсэн хүнийг үзэн яддаг байсан. Ээж, эгч, дүү, охиноо доромжлуулсантай адил тийм хэрэгт холбогдсон этгээдийг наранд ч нарсанд ч жигшдэг байсан юм. Нийгэмд цаашид ч энэ сэтгэхүй байх ёстой. Бид үүнийг мөнхөд жигших ёстой.

Жинхэнэ эр хүн хүчгүйд хүч гаргадаггүй, охид эмэгтэйчүүдэд хүч хэрэглэдэггүй. Би аав, эр хүний хувьд эрчүүддээ хандаж нэг зүйл хэлье. Бүгдээрээ жинхэнэ эрчүүд байя. Охид эмэгтэйчүүдээ хамгаалъя.

Сүүлийн үед манай аавууд, эрчүүд муу зуршлаасаа салж байгаад бид баярлаж байгаа. Олон аав архинаас гарч байна. Олон аав өөрийн хань, ээж, хүүхдүүдээсээ уучлал гуйсан байна. Амьдралаа зөв тийш нь өөрчлөх санаачилга гаргаж байна. Монголын эрчүүд түүхтэй бол түүхтэй, зоригтой бол зоригтой, ухаантай бол ухаантай. Гэрээ ч төрөө ч төвхнүүлээд өдий хүрсэн билээ. Би хувьдаа хүний ухаантай нь уучилдаг, зоригтой нь буулт хийдэг гэж боддог. Би эрчүүддээ ийм байхыг уриалж байна. Бас хатуу сануулж байна.