ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"СБД-ийн 4 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн барилгын давхрыг хууль бусаар нэмэх болсныг эсэргүүцэж, Баасан гарагт төв зам хааж суулт хийнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн IV хороонд дахин төлөвлөлтийн барилгын давхрыг нэмж хууль бусаар зөвшөөрөл олгосонтой холбогдуулан оршин суугчид нь суулт хийж, төв замыг хаах болсон талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өнгөрсөн оны долоо, наймдугаар сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын худаг усны 18, 36 гэсэн хоёр байр дээр дахин төлөвлөлтийн тендер явсан бөгөөд тендерт шалгарсан компани 9 болон 12 давхар барилга барихаар болжээ. Гэтэл энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тухайн газарт дахиад 16 давхар блок барилга барихаар зөвшөөрөл авчихсан гэдгийг оршин суугчид хэллээ.

"Ганц хотхон хотын төвд шинээр баригдахад хуучин барилгуудынх нь дулаан, цэвэр, бохирын шугамд нь асуудал үүсдэгийг сана"

Энэ тухай СБД-ийн 4 дүгээр хорооны иргэн "Өнгөрсөн хугацаанд нийслэл рүү UB town хотхоны СӨХ болон иргэд дөрвөн удаагийн албан бичиг тухайн компанид хүргүүлэхэд "санаа зоволтгүй, тендерийн дагуу явж байгаа" гэсэн хариу өгч байв.

Одоо яг тухайн байршил дээр 17 давхар хоёр блок байдаг. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо бол худалдааны хоёр том төвтэй бөгөөд Хүүхдийн 100-ийн гудамж гээд ачаалал маш өндөртэй газар. Ийм газар үйлчилгээний төвтэй, 16 давхар хоёр блок барилга барих ямар ч боломжгүй.

Үүнтэй холбоотойгоор бид СБД-ийн Засаг даргад суулт хийх хүсэлтээ өгчихсөн. Иймд ирэх Баасан гарагаас эхлээд яг тухайн барилга барьж буй байршил дээр зам хааж, суулт хийнэ.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг бид ирж нөхцөл байдалтай танилцаад тэр компани яаж тендерт ялснаасаа давуулж давхраа нэмчихдэг юм бэ гэдгийг харахыг шаардаж байна.

Есөн давхрын байрны суурь цутгалт, 16 давхар байрны цутгалтаас өөр байдаггүй юм уу. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын байгууллага руу албан бичиг өгөөд байгаа. Энд хоёр өндөр барилга нэмээд барьчихвал ямар хэмжээний түгжрэл бий болохыг эсэргүүцлээрээ бид харуулъя.

Тэнд хэрвээ 16 давхар хоёр блок байр баригдвал яг тийм түгжрэл үүснэ. Энэ асуудал зөвхөн ганц хорооных бус бүхэл бүтэн хотын асуудал. Учир нь хотын төвд барилга шинээр баригдах тусам хотын зах руу дамжих дулааны сүлжээг хуваана гэсэн үг.

Ганц хотхон хотын төвд шинээр баригдахад л хуучин байсан барилгуудынх нь дулаан, цэвэр, бохирын шугамд нь асуудал үүсээд байдгийг анхаарах ёстой. Өнгөрсөн өвөл 10 дугаар хороололд гэхэд хоёр ч удаа бохирын шугам нь задарчхаж байгаа юм. Энэ бол төлөвлөлтгүй барилга барьж, байгаа нөөцөөсөө татаж байгаагийн хор уршиг.

Бид өнгөрсөн жилүүдэд хотдоо шинээр цахилгаан станц барьж, цэвэр бохир усныхаа асуудлыг шинэ шийдлээр шийдсэнгүй. Тэгсэн мөрдлөө хот дундаа хотхон нэмж бариад байна.

Хотын төвд ачаалал үүсгэх тусам хотын зах руу дамжих дулаан, бохирт асуудал үүснэ. Тиймээс энэ асуудлыг ганцхан хорооны оршин суугчид болон 1,000 гаруй хүний л асуудал гэж иргэд маань битгий хараасай.

Төрийн байгууллага иймэрхүү үндсэн асуудалдаа анхаардаггүй, иргэд, хувийн хэвшлээ талцуулсан байдалтай яваад байхаар бид эрүүл мэндээрээ хохирч, амьдралын чанараа алдаж байна.

Биднийг суулт хийхэд төв зам хаагдаад бусад иргэд яах вэ гэж сэтгүүлч асуулаа. Яг энэ асуултыг би хотын даргаас асуумаар байна. Анхнаасаа хотын төвийн дахин төлөвлөлтийг ийм буруу жишгээр явуулчихвал бүгд Нэхмэлийн шар, 13 дугаар хороолол, Натурын зам, Яармаг шиг юм болно. Тиймээс энэ бол хэдхэн хүний асуудал биш.

Хотын төвийн их дэлгүүр тойрсон газрууд дандаа ийм байдлаар аргацаасан байдалтайгаар явж байгаа. Шүүх хурал нь бүр 7-8 жил сунжирчихсан барилгууд хүртэл хотын төвд байдаг. Ийм асуудлаа Та нар хэзээ цэгцлэх вэ гэж асуумаар байна" хэмээн ярилаа.

"Бид дахин төлөвлөлтийг эсэргүүцээгүй. Тендерт ялсан компани зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ өндөр барилга барих гэж байгаад эгдүүцэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оршин суугчдын төлөөлөл “Бид дахин төлөвлөлтийг эсэргүүцээгүй, дэмжиж байгаа. Гол нь тендерт ялж зөвшөөрөгдсөн хэмжээндээ буюу 9 болон 12 давхраараа барихгүй, давхраа нэмэх гээд байгаад эгдүүцэж байна. Энэ компани тендерт ялсан давхраараа бус дөрөвдүгээр сарын 4-нд давхраа нэмээд 16 давхар болгох шийдвэр гаргуулчхаад байгааг л эсэргүүцэж байна.

Би бүтэн жил бичиг цаас өгч, хариу хүлээсэн одоо хангалттай иргэд бид өөрсдөө тэмцэнэ. Биднийг бичиг цаас хөөцөлдөж явсаар байтал энэ компани барилгын давхраа нэг нэгээр дээшлүүлж барьсаар байна. Бид энэ компаниар 9 болон 12-оос дээш давхар барилга бариулахгүй" гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн "Манай өмнөх СӨХ-ны гүйцэтгэх захиралтай хуйвалдаж "UB town хотхоны оршин суугчид энэ хоёр барилгыг 16 давхар болгохыг зөвшөөрч байна. Мөн урд талын нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоолыг энэ хоёр барилгатай хамтдаа эзэмшихийг зөвшөөрч байна" гэсэн бичгийг хууль бус гарыг үсэг ашиглан явуулж, 16 давхар болгочихсон байгаа юм. Түүнийг нь бид мэдэхгүй, явсаар арваннэгдүгээр сард мэдээд эргээд цуцлуулсан. Гэвч дахиад дөрөвдүгээр сард 16 давхар болгохыг зөвшөөрчихсөн" гэлээ.