Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс шинэ байртай боллоо. Гурван давхар, 1488 метр квадрат талбайтай 280 алба хаагчийн багтаамжтай барилгын ажлыг “Аструм” компани богино хугацаанд /таван сарын дотор/ гүйцэтгэж, өчигдөр улсын комисст хүлээлгэн өгчээ.
Орчин үеийн загвар, стандартаар баригдсан уг барилга хурлын заал, хичээлийн өрөө, цайны газар, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх фитнесийн өрөө, хувцас солих өрөө, душтэйгээс гадна дөрвөн автомашины гражтай юм байна. Мөн Хууль зүйн яамны санхүүжилтээр тохижуулсан иргэдийн хүлээлгийн том танхимтай. Байршилын хувьд, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, тодруулбал “Их засаг их” сургуулийн баруун хойно баригджээ.
100 мянган хүн ам тутамд дүүргийн цагдаагийн хэлтэс, 50 мянган хүн ам тутамд дүүргийн цагдаагийн хэлтсийн харъяа цагдаагийн тасаг байхаар баталсан билээ
Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралт ихтэй гэр хорооллын иргэдэд цагдаагийн үйлчилгээг улам ойртуулахын тулд дүүрэгт нэг байсан цагдаагийн хэлтэс, тасгуудын тоог нэмэгдүүлсэн.
Ингэхдээ нийслэл хотод 100 мянган хүн ам тутамд дүүргийн цагдаагийн хэлтэс, 50 мянган хүн ам тутамд дүүргийн цагдаагийн хэлтсийн харъяа цагдаагийн тасаг, 4000 хүн ам тутамд хэсгийн байцаагч, 15 мянган хүн ам тутамд хоёроос доошгүй хэв журмын эргүүл ажиллах “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ хангалтын жишиг норматив”-ыг Засгийн газрын 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан юм.
Шинэ байрыг хүлээн авах нээлтийн ажиллагаанд Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!