Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

З.Гантогоо: "Starlink" шиг нам орбитын технологийг бодлогоор дэмжих бөгөөд ямар нэгэн хаалт хийгээгүй. Гэхдээ дотоодын зах зээлээ ч хамгаална

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Хувийн архиваас авав
"Старлинк" үйлчилгээ 2023 онд манай улсын нутаг дэвсгэрт ажиллаж эхэлнэ. Ингэснээр шилэн кабелийн дэд бүтэц хүрсэн эсэхээс үл хамааран Монгол орны өнцөг булан бүрд өндөр хурдаар интернэтэд холбогдох боломж нээгдэнэ гэж харж буй.

Манай улсын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлого батлагдан гарчээ. 

Иймд нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлогын онцлог болон "Старлинк" компани шиг нам орбитын компаниуд манай улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэхэд ямар зохицуулалттай байх талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцлаа. 

Дэлхийн хиймэл дагуулын сүлжээ LEO буюу нам орбит, MEO буюу дунд орбит, GEO буюу геосинхрон гэх гурван түвшинд хуваагддаг байна. GEO-ийн өргөн хэрэглээ нь телевизийн үйлчилгээ үзүүлдэг бол дэлхийн гадаргаас 18,000 км өндөрт байрлах MEO-ийн өргөн хэрэглээ нь GPS юм. Харин LEO буюу нам орбитын хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас 500-1,500 километрын зайтай байрладаг.

- "Старлинк"-ийн интернэт манай улсад орж ирэх нь дөхөж буй энэ үед Монгол Улс нам орбитын хиймэл дагуулын интернэтэд суурилсан технологийг хүлээн авахад бодлогын хувьд бэлэн эсэх асуудал олон нийтийн дунд яригдаж байна. Энэ талаарх мэдээллийг хуваалцахгүй юу? 

- Нам орбит дээр олон компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд бидний сайн мэдэж байгаачлан "Старлинк" болон Канадын "Telstra", Английн "Oneweb" гэх мэт компани энэ төрлийн үйлчилгээг үзүүлэхээр хиймэл дагуулаа хөөргөчихсөн байна.

 "Oneweb" компани нь 900 гаруйг, "Старлинк" компани 2,100 орчим хиймэл дагуул хөөргөсөн гэх мэдээллийг сүүлийн байдлаар авсан. Мөн "Амазон" компани энэхүү үйлчилгээг явуулахаар хиймэл дагуулаадаа хөөргөж эхэлсэн гэсэн. 

- Шинэ технологи гэгдэж буй хиймэл дагуулын интернэт манай улсад орж ирэх ямар зохицуулалттай байх вэ, нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлогын онцлог юу вэ? 

- Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлогын тухайд шинээр гарч буй технологийг хориглохгүй, нээлттэй байх ёстой гэх үндсэн бодлоготой. Өөрөөр хэлбэл, эдгээр компани Монгол Улсад орж ирээд хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлэх нь нээлттэй. Гэхдээ орж ирэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Харилцаа холбооны тухай хууль болон Олон улсын цахилгаан холбооноос гаргаж өгсөн зөвлөмж, стандартуудыг дагаж явах ёстой юм. Тэр утгаараа манай улсын өнөөгийн зах зээлд тохирсон бодлогын баримт бичгийг боловсруулсан.

Энэхүү бодлого нь Старлинк, эсвэл Oneweb-д зориулагдсан бодлого биш, Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглагдахад зориулагдсан.

- "Старлинк сервисэс Монголиа" компани тусгай зөвшөөрлөө авсан уу? 

 "Старлинк сервисэс Монголиа" гэдэг компани манай Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлчихсэн байгаа. Энэ нь тухайн компани шууд бүртгүүлчхээд шууд үйлчилгээгээ явуулна гэсэн үг биш. Монгол Улсад харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхийн тулд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл "Старлинк сервисэс Монголиа" компани одоогоор тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлээгүй байна. 

- Тусгай зөвшөөрлийн шаардлага гарсан байгаа юу? 

- Нам орбитын хиймэл дагуул ашиглаж интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн шаардлага Харилцаа холбооны зохицуулах хорооноос гараагүй байна. Гаргахаар ажиллаж байгаа. Бодлого эхэлж гараад араас нь Харилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагаа гаргасны дараа компаниуд зөвшөөрлөө хүсээд, нөхцөл шаардлага нь хангагдвал үйл ажиллагаа явуулах дараалалтай.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дэлхийн радио холбооны их хурдаар батлагдсан болон бэлтгэл хурал, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын судалгааны ажлын хэсгийн хүрээнд судалж байгаа нам орбитын хиймэл дагуулын сүлжээнд ашиглах радио давтамжийн зурвасыг төлөвлөх, дахин төлөвлөх, нөөцийг бүрдүүлэх, зохицуулалт хийх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллах юм. 

- Хувь иргэн өөрөө хүсвэл нам орбитын компанийн сүлжээг дамжлагагүйгээр авч ашиглах боломжтой юу?

- Боломжгүй. Энэ компани Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэхийн тулд энэхүү бодлогын дагуу А зөвшөөрөлтэй интернэтийн үйлчилгээ эрхлэгчээс интернэтийн урсгалаа авах, Б зөвшөөрөлтэй интернэтийн үйлчилгээгээ эрхлэгчээр дамжуулж интернэтийн үйлчилгээгээ үзүүлэх ёстой гэх мэт бодлогын шинж чанартай заалтууд орсон байгаа.

Интернэтийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг А буюу бөөний үйлчилгээ үзүүлдэг, Б буюу жижиглэн худалдааных гэж хоёр ангилдаг. Б зөвшөөрөл нь иргэд, ААН рүү интернэт үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Скаймедиа, Юнивишн, Мобинет гэх мэт 70 гаруй компани хамаардаг. 

Нам орбитын хиймэл дагуулын сүлжээг ашиглах хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна.

  1.  Интернэтийн харилцан холболтын тоног төхөөрөмжийг Монголд байршуулах 
  2. Интернэт урсгалыг "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрлийг "Мэдээлэл холбоо сүлжээ" төрлөөр, "Үндсэн сүлжээ (Улс хооронд )" хамрах хүрээтэйгээр авсан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээслэх
  3. Нам орбитын хиймэл дагуулын сүлжээний дамжуулах, чиглүүлэх, хүлээн авах байгууламжийн удирдлага, хяналтын системийг Монгол Улсад байршуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжиж байгаа мэдээллийн урсгалыг энэхүү удирдлага хяналтын системээр дамжуулах 
  4. Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ хооронд, нам орбитын хиймэл дагуулаас геостационоор (GSO) орбитын хиймэл дагуулд, нам орбитын хиймэл дагуулаас бүх төрлийн харилцаа холбооны газрын сүлжээнд болон одон орон судлалын үйл ажиллагаанд радио долгионы интерференц үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. 

- Манай дотоодын интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаар хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ дамжих ёстой гэх асуудал яригдаж байсан? 

- Манай улсад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг олон компани бий. Тухайлбал, суурин болон үүрэн интернэтийн компаниудын өнөөгийн зах зээлд шинээр гарч буй нам орбитын компаниуд тодорхой нөлөө үзүүлнэ. Өмнө хэлсэнчлэн бодлогоор бол нам орбитын технологийг дэмжиж байгаа, ямар нэгэн хаалт хийгээгүй. Гэхдээ дотоодын зах зээлийн хамгаалалтаа ч хийнэ.

Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлогын дагуу нам орбитын компаниуд Монголд үйлчилгээ үзүүлэхдээ интернэтийнхээ урсгалыг “А”-гаас авна. Эцсийн хэрэглэгчтэй харьцахгүй. Эцсийн хэрэглэгч болох иргэн, ААН-тэй харьцахдаа заавал Монголд үйл ажиллагаа явуулж байгаа "Б" компаниар дамжуулж интернэтийн үйлчилгээ үзүүлэх юм. 

Дээрээс нь нам орбитын компани нь заавал Монголд газрын станцаа байгуулах шаардлага тавьсан. Энэ газрын станц нь заавал MIX (Mongolian Internet exchange)-тэй холбогдоно.

Жишээлбэл, нам орбитын интернэтийн үйлчилгээгээр манай улсын хаанаас ч Монголын интернэтийн контент руу хандахад Монголын интернэтийн харилцан холболтын цэг (MIX)-ээр дамжиж холбогдоно.

- Өөр онцлох зүйл юу байгаа вэ?

- Бодлогод тусгагдсан бас нэг чухал зүйл бий. Одоогоор 225 суманд хүрчихсэн. Шилэн кабельд холбогдоогүй таван сум үлдсэн. Шилэн кабелийн сүлжээ 2022 багтаад бүх сум, сууринд хүрнэ. Шилэн кабелийг Монголынхоо өнцөг булан бүрд хүргэнэ гэдэг нь өөрөө асар өндөр зардалтай. Хэрэглэгчээс олох орлогоороо дэд бүтцийн бүтээн байгуулалтын зардлыг нөхөх боломжгүй.

Тэгэхээр сансрын технологи алслагдмал бүс нутагт интернэт хүргэх боломжтой. Нам орбитын хиймэл дагуулын дамжуулаг сүлжээг ашиглан алслагдсан бүс нутаг буюу харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээ хүрээгүй газарт тоон хуваагдлыг бууруулах, гамшгийн үеийн харилцаа холбооны систем, тоо дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийг баримтална гэж бодлогод тусгагдсан.

- Хиймэл дагуулын сүлжээ орж ирснээр өөр ямар боломж бий болох уу ? 

- 5G сүлжээг 2023 онд нэвтрүүлэх бодлогын чиглэл ЦХХХЯ-аас гарсан. Энэ хүрээнд Мобиком, Юнител, Скайтел, ЖиМобайл, ОНДО гэх таван оператор компани ирэх жилээс 5G сүлжээ байгуулаад эхэлнэ. 5G сүлжээний онцлог нь станцуудыг илүү ойрхон зайтай байршуулах хэрэгтэй болдог. Нэг суманд 5-6, Улаанбаатарт магадгүй байшин бүрийн орой дээр антен суурилуулах шаардлагатай болох тул шилэн кабелиар холбоход асар өндөр зардал гарна гэсэн үг. 

Тэгвэл нам орбитын хиймэл дагуул 5G сүлжээний антенуудыг хооронд нь холбох сүлжээг сансраас холбох боломжийг олгож байна. Энэ талаар мөн бодлогод тусгагдсан.

- Тарифын хувьд нам орбитын интернэт үнэтэй. Гэхдээ хэрэглэгчид сонголт хийх боломжтой болж байгаа хэрэг тийм үү? 

- Үүрэн холбооны хэрэглэгчдийн хэрэглээнд өөрчлөлт орохгүй. Алслагдсан сум суурин газрууд, сүлжээ ороогүй газарт сүлжээ ороход нам орбитын хиймэл дагуул тусална.Үнэ тарифын хувьд нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ харьцангуй үнэтэй.

Жишээлбэл бидний судалсан мэдээллээр "Старлинк" интернэтийн сарын хураамж нь гэхэд 99 ам.доллар гэсэн тарифын бодлоготой. Тэгэхээр манай дотоодын зах зээл дээрх компаниудтай нам орбитын компани өрсөлдөхгүй, дотоодын зах зээлд үзүүлэх нөлөөллийн хувьд харьцангуй бага гэж үзэж байна. 

- Бодлогыг батлахад бүх талын оролцоог хангаж чадсан уу? 

- Бодлогыг батлахад миний бие ажлын хэсгийг удирдаж ажилласан. Ажлын хэсэгт үүрэн холбооны компаниуд, интернэтийн үйлчилгээг эрхлэгчид, сүлжээ эзэмшигчид болон сансрын технологи ашиглан үйлчилгээ үзүүлдэг компаниудын төлөөлөл, Тагнуулын ерөнхий газар, яам, Харилцаа холбоо зохицуулах хорооны төлөөлөл орж зургаан сар гаруй хугацаанд ажилласан. Мөн нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлж байгаа компаниудаас саналыг нь авч бүх талын оролцоог хангасны үндсэнд энэхүү бодлого гарсан.

Ашиглалтын тухайд Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээг зөвхөн дамжуулах сүлжээг зохион байгуулахад ашиглана.

Энэхүү бодлого батлагдсанаар нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Amazon, Telstra зэрэг компаниуд Монгол Улсад үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж байна. 

- Ярилцсанд баярлалаа.

Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлого: