Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах “Цэргийн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлэг”-ийг бүрэн дэлгэж, НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулав.
Тус эмнэлгийг дэлгэхэд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан 17 алба хаагч дэмжлэг үзүүлсэн юм.
Алба хаагчид хээрийн эмнэлгийн удирдлагын бүрэлдэхүүн, агаарын татан гаргалт, эрчимт эмчилгээ, хөдөлгөөнт мэс засал, яаралтай тусламж, ариутгал халдваргүйтгэл, хэвтэн эмчлүүлэх, дүрс оношилгооны тасгуудад хуваарилагдсан мэдлэг, туршлагаа хуваалцсан байна.
Түүнчлэн хээрийн эмнэлгийн хийлдэг майхан, ажилчдын амрах майхныг угсрах, эмнэлгийг өөр газар оронд түр шилжүүлэх, цахилгааны холболт, цэвэр, бохир усны холболт, цахилгаан үүсгүүр болон бусад аппарат, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангав.
Эмнэлгийг ийнхүү НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт амжилттай шалгуулснаар манай улс Цэргийн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах боломж бүрдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!