Мотоциклтой зэвсэгт этгээдүүд Ираны нийслэл Тегераны ойролцоох зам дээр өдрийн цагаар тус улсын Хувьсгалт Гвардын офицерын амийг хөнөөсөн тухай IRNA агентлаг өчигдөр мэдээлсэн байна.
Исламын Хувьсгалт Гвард нь Ираны зэвсэгт хүчний элит анги бөгөөд хилийн чанадад улс орныхоо нэрийн өмнөөс тусгай ажиллагаа явуулдаг.
Тухайлбал Хувьсгалт Гвардын бүрэлдэхүүнд байдаг Кудс тусгай тасаг Сири, Ирак, Ливан зэрэг улсуудад Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжсэн ажиллагаануудад оролцдог юм.
Алагдсан хурандаа Хассан Саяд Ходаяарийн талаар мэдээлэл хомс байгаа ч Кудс тусгай тасгийн өндөр албан тушаалтан байсан бололтой.
Түүнийг Иранд үйлдвэрлэсэн хуяглаагүй автомашинаар зорчиж явахад нь мотоциклтой хоёр этгээд таван удаа буудаад зугтжээ.
Ираны төв хэвлэлүүд уг аллагын цаана АНУ, Израилын тусгай албад байгааг мэдээлсэн байна.
Уг үйл явдалтай зэрэгцэн Ираны төв хэвлэл тус улсад үйл ажиллагаа явуулж байсан Израилын тагнуулын сүлжээг илрүүлсэн тухай мэдээлжээ.
Өмнө нь Ираны цөмийн хөтөлбөрт оролцож байсан гол эрдэмтний амийг энэ удаагийнхтай ижил аргаар хөнөөж байсан юм. Ийм ажиллагааг Израилын тусгай албад зохион байгуулдаг гэсэн мэдээлэл бий.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|