“Аchilles International Mongolia” төрийн бус байгууллагын санаачилгаар жил бүр тусгай хэрэгцээт болон энгийн хүүхэд багачуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг хамтарсан гүйлтийн тэмцээн өнөөдөр /2022.05.22/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болжээ.
Тэмцээнд нийт 650 гаруй хүүхэд оролцсон бөгөөд Цагдаагийн байгууллага, алба хаагчдаас дэмжлэг үзүүлэн хүүхэд багачуудад зориулсан “Хөгжимтэй жагсаал”, хүүхдүүдэд туслах “Хөтөч-Цагдаа” ажиллуулж, арга хэмжээний үеийн хамгаалалтыг зохион байгууллаа.
Алба хаагчид гүйлтийн тэмцээний үеэр гараанаас бариа хүртэл хүүхдүүдтэй гүйж дэмжлэг үзүүлэн нэг өдрийг хамтдаа өнгөрөөж байна.
Тус тэмцээнийг зохион байгуулснаар хүүхэд багачуудын сэтгэл зүйг дэмжих, тэдэнд итгэл өгөх, бие даан суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Цаашид энэ төрлийн тэмцээн, үйл ажиллагаан дээр цагдаагийн байгууллагаас дэмжин ажиллах болно.
НЦУГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг "Ахиллис Монголиа ТББ-аас жил болгон нийслэлийн тусгай хэрэгцээт 6 сургуулийн сурагчдын дунд хүүхдүүдийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд цагдаагийн байгууллагаас тус гүйлтийн тэмцээнийг дэмжин ажиллаж, аюулгүй байдлыг нь хангах, шаардлагатай хүүхдүүдэд хөтчөөр оролцох, мөн хөгжөөн дэмжиж урлагийн тоглолт, үзүүлбэрийг бэлтгэн оролцож байна.
Өнөөдөр тус арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын төвийн 6 дүүрэг хариуцсан хүүхдийн болон гэр бүлийн чиглэлээр ажилладаг 60 гаруй алба хаагчид оролцож байна.
Мөн сайн дураараа цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд хүүхдүүдэд гүйхэд нь хөтөч хийх, хөгжөөн дэмжих, хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар ирсэн байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд бүр бүх боломжийг ижил тэгш хүртэх ёстой. Энэхүү гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сайн дураар нь хамруулах, боломжийг нь хангахын төлөө бид энэ сайн дурын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. ЦЕГ-ын Сүлд чуулганаас мөн хүүхдүүдийн гүйлтийг хөгжөөн дэмжиж байна.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд битгий шантраарай, таны хүүхэд ямар нэгэн ялгаатай байдлаасаа болж ялгаварлан гадуурхагдаж болохгүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг арилгахын төлөө хамтдаа хичээж, боломжтой бүх зүйлийг хийгээрэй гэж уриалмаар байна" гэлээ.
Эх сурвалж: ЦЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!