Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Хөхөө: Энэ жил хүүхдийн 16 зуслан үйл ажиллагаа явуулахаа мэдэгдээд байна

А.Намуун, iKon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жил халдвар багасаж, манай улс цар тахлын үеийн дэглэмийг бууруулаад буй. Тиймээс хүүхдийн зуслангууд хэзээнээс ажиллаж эхлэх болон үнийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодрууллаа.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө "Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт бүртгэлтэй хүүхдийн 20 зуслан байдаг. Эдгээр зуслангийн зарим  нь Төв болон Сэлэнгэ аймгийн орчимд байдаг. Энэ жил 16 зуслан үйл ажиллагаа явуулахаа мэдэгдээд байна.

Хүүхдийн зусланд тавигдах стандарт гэж бий. Энэ дагуу тавдугаар сарын 25-наас мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн баг хяналт шалгалт хийнэ. Шалгалтын дараа хэчнээн зуслан хүүхэд амраах нь тодорхой болох буюу ирэх зургаадугаар сарын эхээр энэ талаарх нэгдсэн мэдээлэл болон зуслангуудын нэрийг олон нийтэд хүргэнэ.

Одоогийн байдлаар цар тахлын улмаас хоёр жил өнжсөн хүүхдийн зуслангууд засвар болон бэлтгэл ажлаа ид хангаж байна. 

6-18 насны хүүхдийг зусланд хүлээн авдаг. Зусланд хүүхдээ амраахад 5, 7 хоногоос шалтгаалан 280,000-450,000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд дундаж нь 350,000 төгрөг.

Зуны улиралд ААН-үүд амралтын газарт ч юмуу вакум сургалттай зуслан ажиллуулдаг. Эдгээр нь манайд харьяалагддаггүй, хяналт шалгалт хийгддэггүй. Тиймээс хүүхдээ зусланд явуулахдаа мэргэжлийн байгууллагаас асууж лавлахыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөе. Учир нь манай байгууллагад харьяалалгүй зусланд явуулаад хүүхдийн эрх зөрчигдсөн болон эдийн засгийн хохирол амссан гомдол гаргадаг" хэмээн зөвлөлөө.

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд тавигдах стандарт

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүүхдийн амралт, зуслангийн үйл ажиллагаа эрхэлж, үйлчилгээ үзүүлдэг өмчийн бүх хэлбэрийн зуслангуудын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, үйлчилгээний явц, чанар, болон хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалалд хяналт тавих, үнэлэхэд MNS 5633 : 2019 стандартыг 2019 оны тавдугаар сарын 31-нээс мөрдөж эхэлжээ.

ЭНД дарж дэлгэрэнгүй стандарттай танилцах боломжтой.