Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбар хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг ажил хаялт зарлах уу?

ikon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын эдийн засгийн салбарыг нуруун дээрээ үүрч дүүрч, ар гэрээсээ хол ажлын хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлахад ойрхон байна. Тэднийг ийн ажил хаях шийдвэрт тулж очиход хүргэсэн хүчин зүйл нь Хөдөлмөрийн тухай хууль. Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөрийн харилцаанд орж буй хүн бүрийг эрх үүргийг хуульчлан хамгаалах учиртай уг хуулийн зүйл заалт хэрэгжилтийнхээ түвшинд зөрчигдөж, ажилтан нэг бүрийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа нь шалтгаан болоод үр дагаврыг тоочин өгүүлэхэд хүргэж байна.

Өдгөө хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хууль өнгөрсөн буюу 2021 оны долдугаар сард батлагдсан. Харин дагаж мөрдөх журам болон цалин хөлс бодох аргачлал нь цаг хугацааны алдангитай буюу бүтэн 5-6 сарын дараа батлагдсан байдаг. Ингэж боловсруулалт, яриа хэлэлцээр, удаа дараагийн санал хүсэлтэд тулгуурлан батлагдах ёстой журам болоод аргачлал байгаа олоогүйн улмаас Монгол Улсын хэмжээнд Хөдөлмөрийн хуулиар тодорхойлсон илүү цагийн хөлсөө авч чадахгүйд хүрч байгаа юм.

Дунджаар жишээлэн бодоход уул уурхай, эрчим хүч, геологийн салбарынхан ихэнх тохиолдолд өдөр бүр 12 цагаар ажилладаг. Харин жирийн ажилтан ажиллагсад, ажилчдын хувьд хөдөлмөрийн цаг нь найман цаг. Иймд уул уурхайн салбарынхан өдөр бүр ажиллаж байгаа дөрвөн цагийн илүү цагийн хөлсөө авах шаардлагыг 2022 оны нэгдүгээр сараас тавьж эхэлсэн.

Хөдөлмөрийн хуульд энэ тухай зохицуулалтыг 87, 92, 109 дүгээр заалтаар хуульчилсан бөгөөд хуулийн 87.3-т “Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно” гэж заасан. Мөн хуулийн 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгосон” гэсэн. Тэгвэл удаа дараа дурдагдаад байгаа Хөдөлмөрийн хуулийн 109.1-д “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэдэг заалт бий.

зураг
 
зураг
 

Уул уурхайн салбарынхан эдгээр хуулийн заалтад тулгуурлан Хөдөлмөрийн хуулиар хуульчилсан илүү цагийн хөлсийг бодуулах шаардлага тавьсан ч ажил олгогчдын зүгээс “Бараа материалын үнэ өссөн тул та бүхний илүү цагийг бодох боломжгүй. Мөн 14 хоног амарч, 14 хоног ажиллаж байгаа нь нөхөн амраасан гэсэн үг” гэдэг тайлбарыг хэлээд цалингийн хэлцэл хийхээс татгалзсан. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Дөрвөн цаг илүү ажиллаж байна” гэдэг тайлбарыг уул уурхайн салбарынханд өгсөн ч илүү цагийн хөлс бодуулах тухайд тодорхой нарийвчилсан тайлбар өгөхгүй өдийг хүрсэн.

зураг
 

Харин эдгээр тайлбарт тусгагдсан нөхөн амраах тухай ойлголт хуульд байхгүй бөгөөд 14 хоног амарч, 14 хоног ажиллаж байгаа нь уртын ээлжийн хуульчилсан зүйл заалт. Өөрөөр хэлбэл, гэр бүлээсээ хол, тоос шороо ихтэй, хорт бодис ихээр ашигладаг, хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаардаг уул уурхайн салбарт 14 хоног ажиллаад 14 хоног амрах нь анх удаа хуульчилсан Хөдөлмөрийн хуулийн уртын ээлжийн зохицуулалт. Түүнээс бус 14 хоногт ажлын цагийг уртасгаж, өдөр бүр дөрвөн цаг хэтрүүлэх эрхтэй гэсэн үг биш. Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Долгороос энэ талаар тодруулахад “Уул уурхайн салбарт нийтдээ 50 мянга гаруй хүн ажилладаг. Тэдний цалин бүгд ажил олгогчид болон олны ярьдаг шиг өндөр биш. Цалин хөлсний хувь хэмжээ харьцангуй өөр өөр байдаг. Жишээ нь, холын аймгуудад тухайн орон нутгийн хөдөлмөрийн зах зээл, ажлын үнэлгээнээс хамаараад сая гаруй төгрөгөөр цалинжиж байгаа. Илүү цагийн хөлсийг бодохоос татгалзсанаар энэ цалин тодорхой хэмжээгээр буурсан. Бусад салбарын хүмүүс сард 168 цаг хэвийн нөхцөлд ажилладаг байхад уул уурхайн салбарынханд хүнд нөхцөлд 200-гаас дээш цаг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар удирдлагын багт ажилладаг ажилтнуудын цалин 20-25 хувь, уурхайд ажилладаг уурхайчдын цалин 30-50 хувь буурсан. Энэ нь уртын ээлжийг хуульчилсан ч илүү цагийг бодох аргачлал, журам тодорхойгүй байгаагаас үүдэлтэй. Иймд цаашид Хөдөлмөрийн хуульд заасанчлан илүү цагийг бодох аргачлал, журмыг шинээр боловсруулж, мөрдүүлэхгүй бол манай салбар ажил хаялт зарлана” гэв.

Эндээс харахад Хөдөлмөрийн хууль тойрсон журам болон цалин бодох аргачлал уул уурхайн салбарынхныг ажил хаялт зарлахад хүргэх нь цаг хугацааны л асуудал байх нь. Мэдээж тэд хөдөлмөрийн хүнд нөхцөлд өдөр бүр 12 цаг эрүүл мэнд, гэр бүл, амь насаа золиослон ажиллаж байгаагийнхаа хөлсийг бодуулах, авах эрхтэй нь үнэн. Эс бөгөөс ажиллах хүчний урсгал гадагшаа чиглэж, баялаг бүтээх ажилтны зам бүдгэрэхэд гэмтэй юм.

 

Нийтлэл бичсэн: Д.Цэнгэл