Хүннү-2222 орон сууцны хорооллын дулааны шугамын худгийн таг "Чингис хаан" Олон Улсын Нисэх Буудал /ОУНБ/ гэсэн бичигтэй байгаа нь олны анхаарлыг татаад байна.
Энэ тухай иргэд "Чингис хаан" ОУНБ-ын тагийг Хурд групп өөрийн орон сууцны хороололд тавьсан байна хэмээн шүүмжилж байгаа юм.
“Чингис хаан” ОУНБ-ын эзэмшлийн таг яагаад орон сууцны хороололд хэрэглэгдэж байгааг тус нисэх буудлын албаны хүнээс тодруулахад "Чингис хаан нисэх буудлын нэртэй дулааны худгийн таг манайхтай огтхон ч хамаагүй. Магадгүй хуучин “Чингис хаан” нисэх буудал буюу одоогийн Буянт-Ухаа дахь нисэх буудалтай холбоотой байх" хэмээн хэлсэн юм.
Харин тухайн тагийг захиалгаар хийсэн "Алтан ширэм" ХХК-ийн албаны хүн “Манай компани одоогоос хэдэн жилийн өмнө Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын дулааны шугамын тагийг захиалгаар хийж байх хугацаанд бичиг үсгийн алдаа гарсан буюу нэг үсэг нь буруу тавигдсан байсан тул 3-4 таг буцаагдсан.
Харин дараа нь Хурд группт яаралтай худгийн таг хэрэгтэй гээд манайд захиалга өгсөн юм. Тухайн үед ачаалал ихтэй байсан учраас яаралтайгаар захисан ч тухайн тагийг бэлэн болгоход долоо хоногийн хугацаа шаардлагатай байсан. Тиймээс тус нисэх буудлын захиалгаас буцаагдсан буюу бэлэн байгаа 3-4 тагийг аваад хороололдоо тавьчихсан юм.
Тийм л учиртай. Одоогоор бараг 3,4 жилийн өмнө болсон явдал. Гэтэл олон нийтийн сүлжээгээр тэр тагийг зургийг нь аваад хулгай хийчихлээ гээд л шуугиад байгаа юм билээ. Нэгэнт буцаагдчихсан, захиалга өгсөн газартаа хэрэггүй болсон тагийг хэрэгтэй нэг нь хэрэглэж байна" хэмээн хэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!