• 7 сарын 1, Баасан
Уншиж байна ...

“Амгалан дэлхий” төслөөр "Дэлгэрмөрөн" сургуульд 500 мод бэлэглэлээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Тогтвортой хөгжил, түншлэлийн “Амгалан дэлхий” ТББ Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуультай хамтран тус сургуулийн хашаанд 500 мод тарьж, хайлаас модны үрсэлгээний талбай байгууллаа.

Мөн сургуулийн сурагчдын дунд “Модны үндэс” шүлгийн уралдаан, “Өглөөний цагийг өөртөө” уулзалт зохион байгуулсан байна. Энэ нь хүүхдийн орчныг моджуулах “Амгалан дэлхий” төслийн хүрээнд хоёр дахь жилдээ Хөвсгөл аймгийн ЕБС-тай хамтран хийж хэрэгжүүлж байгаа ажил юм байна. “Ирэх жил 100 жилийн ойтойгоо золгох “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн хамт олон ойгоо угтсан 100 бүтээлч ажил хийж байгаагийн нэгд орчноо ногооруулж, эко болгох энэ ажил орж байна.

Сургуулийн ахмад багш нар, эко клубийн сурагчид, сургуулийн ажиллагсад, ТББ-ын гишүүд хамтдаа модоо тарилаа. Аливаа ажилд хамтаараа, бүгдээрээ оролцож, хийж бүтээх нь манай сургуулийн онцлог, барьдаг зарчим юм” гэж сургуулийн захирал Б.Гантулга ярилаа. Хөвсгөл аймгийн ууган сургууль болох тус сургууль нь хашаандаа 10 гаруй төрлийн 1,000 гаруй мод тарьж ургуулаад байна. ТББ-ын тэргүүн Д.Даваадулам, УЗ-ийн гишүүн А.Даваажаргал нар “1994 онд төгссөн сургуульдаа сайн үйл бүтээж байгаад баяртай байна. Энэ төслөөр нийт 500 мод “Дэлгэрмөрөн” сургуульд хандивлаж, бусад үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа. Гол нь нэг нь үнэгүй өгч, нөгөө нь үнэгүй авлаа гэсэн хандлага энд үгүй. Хамтдаа тарьж, хийж бүтээж, хэрэгжүүлдгээрээ онцлогтой. Мөн гурван жилийн дараагаас энэ сургууль өөрсдийнхөө үрслүүлж ургуулсан хайлаасаа тарих, мөн зарж борлуулах боломжтой болно. Мод, үрсэлгээний талбай хүүхдүүдийн сургалтын орчин болох учиртай. Манай ТББ модоо хэрхэн арчилж ургуулж байгааг байнга харж зөвлөж, ажлынхаа үр дүнг хамтдаа хэлэлцэж, дүгнэдэг уламжлалтай. 2021 онд Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуульд 1000 модны “Амгалан дэлхий” төслөө мөн ийм хэлбэрээр тун амжилттай хэрэгжүүлсэн” гэлээ.

Тус төслийн зөвлөхөөр Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор 20 гаруй жил ажилласан Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимид ажилладаг байна. Төслийн хүрээнд зарласан “Модны үндэс” сурагчдын шүлгийн уралдаанд “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 20 гаруй сурагчид цахимаар оролцсоноос 8 дугаар ангийн сурагч М.Билгүүнзаяа тэргүүлж, 9-р ангийн сурагч Т.Пүрэвдорж нарын таван сурагч удааллаа. Тэднийг хос монос модоор мялааж, хашаагаараа дүүрэн модтой болохыг ерөөлөө.