Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Усны салбарын манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хэмжээнд тулгамдаад буй усны асуудлыг хөндсөн цуврал судалгаа, өгүүлэл, нийтлэлийг цувралаар хүргэж байна

ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN

“Усны салбарын манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хэмжээнд тулгамдаад буй усны асуудлыг хөндсөн цуврал судалгаа, өгүүлэл, нийтлэлийг уншигчдад хүргэхээр зорьж буй бөгөөд энэ удаагийн нийтлэлээр хөтөлбөрийн оролцогч Г.Түвшингийн Орог нуурын судалгааны ажлын үр дүнг хүргэж байна.

Говийн сувд-Орог нуур

Монгол орон Сибирийн их тайгын урд хил, Төв Азийн их цөлийн хойд хил болох маш өвөрмөц байгалийн бүхий л хэв шинж илэрсэн онцлог нутаг билээ. Өдөртөө 500 километр замыг хөндлөн гулд туулахад хангай, говь, тал хээрийг үзэх боломжтой асар баян гайхамшигтай нутаг. Үүнээс дэлхийд ховорхон тохиох экосистем нь Монголын Говь буюу хуурай гандуу бүс нутаг юм. Энэхүү ангамал говь, хатуу бэрх нутгийн нэгээхэн хэсгийг тэжээгч нь Орог нуур бөгөөд Хангайн нуруу, Говь-Алтайн нурууны хооронд орших Нууруудын хөндийд байрладаг.

зураг
 
Зураг 1 Орог нуур, Их Богд хайрхан 2017.05.29

Орог нуурын нэг үзэсгэлэн нь түүний урд болон зүүн урд талаар хана хэрэм мэт хашин орших Их Богд хайрхан бөгөөд Монгол Алтайн нуруунаас салж тогтсон Говь-Алтайн нурууны тэргүүн оргил юм. Их Богд хайрхны хамгийн өндөр цэг нь Тэргүүн Богд гэж нэрлэгдэх далайн төвшнөөс дээш 3957 метрийн өндөрт өргөгдсөн сүрлэг оргил байна.

Орог нуурын хамгийн том тэжээл бол Хангайн нурууны өвөр Саяын нуруу, Зуслангийн нуруунаас эх авч Үхэгийн гол, Өвгөн Жаргалантын гол, Хужиртын гол, Шаргалжуутын гол гэх мэт том жижиг олон голыг өөртөө нийлүүлсэн Түйн гол Орог нуурандаа хүрдэг юм. Гэвч Түйн гол нь зарим жил нуурандаа хүрч чадалгүй шургаснаас болж Орог нуур ширгэсэн тохиолдол түүхэнд нэлээдгүй удаа тэмдэглэгдсэн нь бий. Тийм ч учраас янз бүрийн сэдэвчилсэн газрын зургууд, бусад судалгааны ном, өгүүллүүд дээр ширгэдэг нуур гэж тасархай цэнхэр зураасаар тэмдэглэсэн биз.

зураг
 
Зураг 2: Орог нуурын байршил
зураг
 
Зураг 3 Орог нуурын 2019 болон 2020 оны дроны зураг

Эх орныхоо хосгүй үзэсгэлэнт нэгэн нуур, сүр бараа ихтэй Их Богд хайрхандаа 2017 оноос хойш жил бүр 2-3 удаа зочилдог болжээ. Очих бүрд нуурын талбайн хэмжээ өөрчлөгдөж байгаа тул энэхүү нуурын талбайн өөрчлөлтийг судлах ажил минь эхэлсэн билээ.

Энэхүү судалгаанд 1987-2018 хооронд нийт 32 жилийн үр дүнг гаргаж ирсэн. Мөн 2020 оны зун хээрийн судалгааны ажлаар явахдаа ажиглагдсан нэг зүйлээс шалтгаалан тухайн жилийн сар бүрийн нуурын талбайн өөрчлөлтийг гаргасан.

Доорх графикаас харахад Орог нуурыг яагаад ширгэдэг нуур гэж тэмдэглэснийг ойлгох биз ээ. 1990-2000 оны хооронд Монгол орны нийт нутаг дэвсгэрт уур амьсгалын таатай нөхцөл бүрдэж, хур тунадас ахиу байсан байх магадлалтай юм. Орог нууртай ойролцоо байх Бөөнцагаан нуур дээр ч энэхүү үйл явц ажиглагдаж энэ хугацаанд хамгийн их утгадаа хүрсэн байдаг. Орог нуурын хувьд хамгийн ихдээ 142 км2, хамгийн багадаа 0 буюу ширгэж алга болсон байна. 2005 болон 2009 онд ширгэсэн байгаа бөгөөд үүнийг Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааныхан ч аман яриагаар баталж өгсөн байдаг.

зураг
 
Зураг 4 Орог нуурын талбайн өөрчлөлт

XXI зууны эхний арванд хамгийн бага утгуудыг үзүүлсэн байгаа бол шинэ арван гарсаар талбайн хэмжээ нэмэгджээ. Гэвч нийт хугацааны үр дүнгээс харахад цаашдын хандлага буурах төлөвтэй байна. Орог нуурын талбай энэ хугацаанд дунджаар 81 км2 орчим байжээ. Нуурын талбайн өөрчлөлтийг бататгах зорилгоор түүнд шууд нөлөөлдөг температур болон хур тунадасны мэдээтэй харьцуулан авч үзлээ. Орог нуурын урд дэнж дээрх Хориулт нэртэй цаг уурын станцын мэдээг ашиглан тооцоолол хийхэд температур нэмэгдэж байгаа нь нуурын гадаргаас уурших ууршилт эрчимтэй явагдах нэг шалтгаан болсон байдаг. Өмнөх судлаачдын тэмдэглэлээс харахад говийн нууруудын ууршилт орж буй хур тунадаснаас ямагт 4-5 дахин их байдаг гэжээ. Монгол орны цаг уур сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд 2.26℃ нэмэгдсэн гэсэн дүн байдаг. Энэхүү дүн говийн бүсийн нууруудад ууршилт явагдахад маш их хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна.

Жилд унах хур тунадасны хэмжээ энэ бүс нутагт маш бага бөгөөд 100-150 мм унадаг байна. Дээрх зурагт нэгэн сонирхолтой үр дүн ажиглагдаж байгаа нь 2002 оноос хойш нуурын талбай хур тунадасны хэмжээнээс шалтгаалан өөрчлөгдөж байна. Тухайн жилд хэр хэмжээний хур тунадас унаж байна нуурын ус төдий чинээгээр нэмэгдэж байна гэсэн үг юм. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд хур тунадасны эрчимжил өөрчлөгдөж аадар бороо их ордог болсноос шалтгаалан орсон бороо хөрсөндөө шингэж амжилгүй гадаргын урсац болж нуурын нэг тэжээл болдог байх магадлал өндөр юм.

зураг
 
Зураг 5 Орог нуурын 2020 оны өөрчлөлт /улирлаар/

Дээрх зураг бол 2020 оны 4-р сараас 10-р сар хүртэлх LANDSAT хиймэл дагуулын ашиглаж болохуйц зургуудаас гаргаж авсан үр дүнгийн зураг байна. Хавар нуурын мөс гэссэний дараа 70 км2 орчим байсан бол түүнээс хойш тогтмол буурч 10-р сарын 3-нд тооцсон үр дүнгээр 13.6 км2 болсон байна. Зүйрлэн хэлбэл Хангайн нурууны томоохон нууруудын нэг галт уулын гаралтай Тэрхийн цагаан нуур шиг хэмжээтэй их ус говийн бүсэд ууршиж алга болсон байна гэсэн үг юм. Мөн нуурын талбайн өөрчлөлтөд салхины хурд нөлөөлдөг байж болзошгүй юм гэсэн таамаглалд хүрсэн. 2020 оны хувьд нуурын орчимд салхи ихтэй, багагүй тооны шороон шуурга болсон. Доорх зурагт Орог нуурын ширгэсэн хэсгээс салхиар дамжин агаарт туугдаж буй цагаан тоосны дүрсийг зураг.6-аас харж болно.

зураг
 
Зураг 6 Орог нуурын 7 болон 9 сарын өөрчлөлт
зураг
 
Зураг 7 Орог нуурын ширгэсэн хэсэг болон салхиар боссон цагаан тоос

Орог нуурын 7 болон 9 сарын өөрчлөлтийг яг нэг цэгээс авсан фото зургийг харж болно. Хоёрхон сарын хугацаанд яаж өөрчлөгдөж болохыг энэхүү зураг бүрэн баталж өгч байна.

1957 онд болсон Их Богдын газар хөдлөлтийн нөлөөгөөр нуурын талбайн хэмжээ 130 км2-аас 140 км2 болсон гэж Монголын анхны нуур судлаач Ж.Цэрэнсодном тэмдэглэсэн байдаг. Ингээд үзэхээр байгалийн, тектоникийн нөлөө нуурын талбайн өөрчлөлтөд хамгийн ихээр нөлөөлдөг байх нь ээ. Мөн Баянхонгор аймгийн Жинст, Богд гэх мэт говийн сумуудад олон жил дараалсан ган гачиг болж нуурыг тойрсон малчдын тэр олон мал Орог нуурын 2, 3 метр өндөр зэгс, дэрсэн дунд өвөл, хавар, зун, намаргүй идээшилж байна. Эдгээр ургамлууд нь усны гол чийгийг барих, нарны шууд тусгалаас хамгаалах зэрэг маш их ашиг тустай юм. Энэ байдлаараа ээлж сэлгээгүй бэлчээрт ашиглаад байвал ус, чийгийг барьж байдаг гол ургамлууд устаж ирээдүйд нуур ширгэж алга болох нь цаг хугацааны асуудал болоод байна. Монголчууд түүхэндээ байгальд бүрэн устсан тахь адууг дахин сэргээн нутагшуулж зэрлэг адууг хадгалж чадсан бахархмаар түүхтэй ард түмэн билээ. Энэ жишгээр зөв менежмент хийгээд Түйн голын урсцыг сэргээж чадвал говийн нэгэн тунгалаг мэлмий болсон ОРОГ нуураа бид ирээдүйд байсан биш одоо ч байгаа хэвээрээ гээд ярих биз ээ.


Нийтлэл бичсэн: Г.Түвшин