• 6 сарын 25, Бямба
Уншиж байна ...

Г.Пүрэвжав: Хятадтай хамгийн өргөн зурвасаар хиллэдэг мөртлөө нүүрсээ гаргаж чадахгүй байгаад харамсаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний тээвэр зогссоны улмаас Монгол Улс өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгааг тээвэрчид мэдээлж, төрийн байгууллагууд хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллахыг уриалав.

Тээвэрчдийн төлөөлөл Г.Пүрэвжав "Цогтцэций-Чойр чиглэлд нэг өдөрт зөвхөн нүүрсний тээврээр 3.8 тэрбум төгрөгийн орлого оруулдаг. Мөн тээвэр, гаалийн талбай, төмөр зам гэх мэтчилэн дагалдах үйлчилгээ үзүүлдэг албан байгууллага гээд нийт 20,000 гаруй хүний ажлын байр, орлого гээд 2.8 тэрбум төгрөг гээд нүүрс тээвэр зогссоноор өдөрт 6.6 тэрбум төгрөгийг Монгол Улс алдаж байна. 

БНХАУ импортын нүүрсээ нэмэгдүүлэхийн тулд татвараа тэглэсэн. Индонез улс хэдэн мянган километрийн цаанаас БНХАУ руу хэдэн зуун тонн нүүрс экспортолж байна. Гэтэл Монгол Улс Хятадтай хамгийн өргөн зурвасаар хиллэдэг мөртлөө нүүрсээ гаргаж чадахгүй, дотооддоо хэрүүл тэмцэлтэй, салбарын сайд нь нүүрсээ тээврээ гацааж байгаад харамсаж байна.

Энэ оны эхний гурван сарын байдлаар Монгол Улс 2.7 тонн нүүрс экспортолсон гээд бодохоор үнэхээр арчаагүй байна. Засгийн газар, холбогдох төрийн байгууллагууд зохион байгуулалтыг хийж, тээвэрлэлтийг гацаанаас гаргах боломж бүрэн бий. Хувийн хэвшлийнхэнд гарц шийдэл нь бэлэн байна. Албан хүсэлтээ удаа дараа дээш нь мэдүүлсэн ч ямар ч хариу өгсөнгүй. Иймд өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдэд хандаж байгаа юм" гэлээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн 2,000 орчим чингэлэгтэй нүүрс Эрээн хотын гаалийн хяналтын бүсэд гацжээ.

Энэ талаар тэрбээр "Урд хөршид хортой элементийн шинжилгээ гэж авдаг. Энэ шинжилгээг гаалийн төв лаборатори хийлгүйгээр шууд ачаад Хятад руу гаргадаг. Гэтэл тэнд шинжилгээ авахад хортой таван элементийн шинжилгээгээр стандартаас өндөр байвал хүлээж авдаггүй. Хоёр улсын хоорондын хэлцлээр экспортод гарсан нүүрсийг буцааж авах тухай байдаггүй учраас тэр нүүрс хариуцах эзэнгүй, аж ахуйн нэгжүүд хохироод байж байна. Иймд нүүрсний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" хэмээв.