Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгийн бүртгэл үргэлжилж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улс дэлхийн 20 орчим оронтой Засгийн газар хоорондын гэрээгээр боловсон хүчнээ бэлдэн, чадваржуулж байна. 

Ихэнх тэтгэлэг оны эхэн эсвэл өмнөх оных нь төгсгөл үеэр зарлагддаг. Харин өнөөдрийн байдлаар Австралийн болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл нээлттэй байгаа юм. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан иргэд суралцаж дуусаад эх орондоо ирж, багадаа таван жил ажиллах учиртай байдаг билээ.

Австралийн тэтгэлэг/Australia awards/

Австралийн тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний чадамж, суралцах чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог. Хөдөө, орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийг тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмжинэ.

Өргөдлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авна. Тэтгэлгийн өргөдөл, болзол шалгуур, сонгон шалгаруулалтын үйл явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудаснаас авна уу.

Австралийн тэтгэлэг нь дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэдэг, Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг урт хугацааны тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагдагчид Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тус улсад суралцан мэдлэг, судалгааны арга барил, мэргэжлээ дээшлүүлэх боломж олгодог.

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2022-2023 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектур, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор болон докторын дараах зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) сурлагын сайн дүнтэй, холбогдох хичээлийн суурь болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан 2022 оны дөрөвдүгээр сарын 30-н хүртэл онлайнаар бүртгүүлж, маягтыг бөглөнө.

Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд элсэлт болон сургалтын төлбөрөөс гадна тогтсон хэмжээний амьжиргааны зардал багтдаг. Түүнчлэн сургалтын хөтөлбөр үргэлжлэх бүх хугацааны туршид тэтгэлэг олгогдоно.

Засгийн газар хоорондын тэтгэлгээр ямар улсуудад суралцаж болох вэ?

Англи

Их Британийн Засгийн газраас жил бүр зөвхөн мастерын нэг жилийн тэтгэлгийг зарладаг. Дэлхий даяар Chevening Scholarships хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн олон мянган залуусаас тухайн улс дахь Английн ЭСЯ сонгон шалгаруулалт явуулдаг юм. Өмнөх жилүүдэд манай улсаас 10-12 иргэн шалгаруулдаг байсан бол энэ жил 12-15 болж тоо нь нэмэгдсэн байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Франц

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад 10 хүртэлх иргэнийг магистрын хөтөлбөрт суралцуулдаг. Сургалт англи болон франц хэл дээр учир IBT TOEFL-ын 40-өөс доошгүй, IELTS шалгалтын 5.5-аас доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байх шаардлага тавьдаг. Мөн франц хэлний мэдлэгийн тухайд DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –ийн В-2 эсвэл болон харгалзах түвшнийг шаардах болно. 

Уг хөтөлбөрөөр мал аж ахуй, газар тариалан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болдог аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

АНУ

Фулбрайт хөтөлбөр нь магистрын хөтөлбөрт зориулагдсан тэтгэлэг юм. Үүнд дэлхийн 160 гаруй улсын залуус хамрагддаг. Ташрамд дурдахад Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 онд тохиож байгаатай холбогдуулан “Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулсан. Ингэснээр хөтөлбөрийн оролцогчид үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй болж байгаа юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

БНХАУ

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 200-300 иргэнийг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулдаг. Хөтөлбөрт ямар нэг мэргэжлийн чиглэл заадаггүй бөгөөд Хятад хэлний зохих түвшний эсхүл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болдог байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Япон

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль хооронд 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 5-10 оюутан суралцуулна.

Энэ хүрээнд нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр суралцах боломжтой. Хөтөлбөрт хамрагдахын тулд Япон хэлний мэдлэг N3 түвшинтэй байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол N2 түвшинтэй байх хэрэгтэй аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Унгар

Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу нийт 200 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулдаг. Хэрэв та

  • Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, голч дүн 3-аас дээш, 25 хүртэлх насны;
  • Магистрантурт суралцахад тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан бакалаврын зэрэгтэй, голч дүн 3-аас дээш, 35 хүртэлх насны иргэн;
  • Докторантурт суралцах бол тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан магистрын зэрэгтэй, голч дүн 3-аас дээш, 40 хүртэлх насны иргэн байх ёстой.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Украин

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Украин Улсад 15 иргэнийг бакалаврын хөтөлбөрт суралцуулна. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 18-21 насны иргэн байх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

ОХУ

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монгол Улсаас 500 иргэнийг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулдаг байсан бол энэ жилээс тоог нь нэмэгдүүлж байгаа юм. 

Мөн ОХУ-ын "Роснефть" компанийн нэрэмжит тэтгэлэгт ч жил бүр тодорхой тооны хүнийг хамруулдаг. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

БНСУ

Байгалийн ухаан, инженерийн чиглэлээр гурав, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр гурав буюу нийт зургаан оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулдаг. 

Гэхдээ БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулдаггүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Турк

Жил бүр Турк улсын Засгийн газрын тэтгэлэг оны эхээр зарлагддаг. Уг тэтгэлгийн бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх бол 21 нас хүрээгүй байх, дүнгийн голч 70 хувиас дээш байх шаардлага тавьдаг. Харин магистрын хөтөлбөрт 30 нас хүрээгүй байх, голч дүн 75 хувиас дээш байх зэрэг шаардлага тавьдаг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Лаос

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 8 иргэн суралцуулах учиртай. Мэргэжлийн чиглэл нь 

  • Сэргээгдэх эрчим хүч
  • Олон улсын харилцаа
  • Хууль, эдийн засаг байна. 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Казахстан

Монгол Улсаас жилд Бүгд Найрамдах Казахстан Улсад 25 иргэнээ тодорхой мэргэжлийн чиглэлээр суралцуулдаг. Тухайлбал, ашигт малтмалын баяжуулалт, уул уурхайн ашиглалт, техник, технологи, зам гүүрний барилга, газрын тосны хайгуул, боловсруулалт, хог хаягдлын боловсруулалт ба менежмент зэрэг мэргэжилт багтаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Болгар

Бүгд Найрамдах Болгар Улсад жил бүр долоон монгол оюутан суралцдаг. Тэтгэлэгт хөтөлбөрөөр хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл, инженер чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломж бий. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Румын

Жил бүр Монгол Улсаас Румын Улсад дөрвөн иргэн суралцах боломжтой юм байна. Тодруулбал, био анагаах ухаан, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, газрын тосны хайгуул, боловсруулалт, нийгмийн эрүүл мэнд зэрэг чиглэлээр боловсрол эзэмших боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Куба

Анагаах ухааны чиглэлээр жилд нэг оюутныг Бүгд Найрамдах Куба Улсад сургадаг байна. Үүнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч эсвэл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн хамрагдах боломжтой.

Польш

Жилд 23 хүн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш улсад суралцах боломжтой. Мэргэжлийн чиглэл нь ашигт малтмалын баяжуулалт, уул уурхайн ашиглалт, техник, технологи, зам гүүрний барилга, байгууламжийн инженер, барилга хот байгуулалт зэрэг байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Вьетнам

Тус улсад жил бүр 15 иргэнийг суралцуулдаг. Усны нөөц, анагаах ухаан, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын зэрэг чиглэлээр Монгол Улсын иргэд Вьетнамд суралцах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.