Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дөрөвдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй Энэтхэг Улсын Аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисри-г энэ өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцаа эрчимжин хөгжиж байгааг дурдаад хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа хоёр орны харилцааны нэг чухал хэсэг болон төлөвшин хөгжиж байгааг тэмдэглэв.
Мөн цар тахлын дараах дэлхий дахинд үүсээд буй эдийн засгийн хямрал, хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэх хүрээнд хүнс, хүнсний бүтээгдэхүүний импортыг төрөлжүүлэх, Энэтхэг улсаас цагаан будаа, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Энэтхэг Улсын Аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисри Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хоёр улсын худалдааг дэмжих, Монгол Улсын зах зээлд хүнс болон эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгохын төлөө нягт хамтран ажиллахаа нотлов гэж ГХЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!